“Монголчуудын уламжлалт сав суулга” дэлгэгдлээ
2018-02-08

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монголын Үндэсний музейд “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үндэсний музей тодорхой сэдвийн дагуу өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээсээ дэлгэдэг уламжлалтай. Энэ удаа Цагаан сар болж буйтай холбогдуулан Үндэсний музейд хадгалагдаж буй сав суулгаар үзэсгэлэн дэлгэлээ. Үзэсгэлэнд Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн 1980-аад онд хамрагдах 180 үзмэр дэлгэгджээ.

 

Нээлтийн үеэр Монголын Үндэнсий музейн захирал Д.Сүхбаатар “Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар болж буйтай холбогдуулан “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнг нээж байна. Үзэсгэлэнд нийт 180 гаруй шилмэл үзмэр багтаж, олон нийтэд анх удаагаа дэлгэгдэж байна. Сав суулга нь хүний ахуйн хэрэглээнд чухал ач холбогдолтой. Бид түүхийн хувьд Чулуун зэсгийн үеэс хойших үеийг хамарсан сав суулга, Түрэгийн үеийн алтан сав суулга, ваар, арьс ширээр хийсэн сав зэргээр ангилж байгаад хамгийн шилдэг үзмэрүүдээсээ 180-ыг сонгон олон нийтэд үзүүлж байна. Онцлон дурдвал Ноён уулаас олсон Хүннүгийн үеийн ваар эртний үед хамрагдана.   Мөн Цагаан сартай холбогдуулан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч Ю.Дэдэнбал нарын хэрэглэж байсан мөнгөн аягыг дэлгэж байна” гэсэн юм.

 

Сонирхуулахад, Монголын Үндэсний музейн нийт үзмэрийн 15 хувийг ваар, сав суулга эзэлдэг ажээ. Сонирхсон хүн үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.

 

М.Дөлгөөн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч Ю.Дэдэнбал гэж ямар хүн байсан юм бэ??? Хүний нэр зөв бич!!!
2018-02-08