Аварга малчдын шагналыг гардууллаа
2018-02-13

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймгийн Баян сумын малчин Э.Содномжамц, Ц.Ганхүү, Баянжаргалан сумын малчин Р.Мөнхдорж нарт “Монгол Улсын аварга малчин”-ы шагналыг нь өчигдөр гардуулж өглөө.

 

 

Малчин Эрдэнэбилэгийн Содномжамц 1991 оноос хойш мал маллаж, 2003 онд “Мянгат малчин” болсон амжилтаа 14 жил дараалан хадгалжээ. Тэрбээр сүүлийн 3 жилд 867 толгой малыг 13 айлд өгч малжуулсан байна. Түүнчлэн багийн төвийн барилгын засвар, Улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын алба, сум багийн үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулснаас гадна нутгийнхаа амьдралын боломж муутай зарим оюутнуудын сургалтын төлбөрийг даадаг ажээ.

 

Эднийх малаа жил бүр төлөөр нь өсгөж, 100 эхээс 100 төл бойжуулж байгаа бөгөөд 2017 онд 4025 мал тоолуулсан байна.

 

 

Малчин Цэенбальдарын Ганхүү 25 жил мал маллаж байгаа, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ хамруулахад онцгой анхаарч ажилладаг юм байна.

 

Сүүлийн 3 жилд 378 толгой малыг 7 айлд өгч малжуулснаас гадна туслах малчнаа жилд 55 богоор малжуулдаг аж. Тэрбээр сум, орон нутгийн хөгжилд тогтмол хувь нэмэр оруулдгийг нутгийнхан нь сайшаан ярьж байлаа.

 

Баянжаргалан сумын малчин Рэнцэндоржийн Мөнхдорж илгээлтээр малчин болсноосоо хойш 35 жил мал маллажээ. Тэрбээр удам залгасан сайн малчин бөгөөд аав Х.Рэнцэндорж нь “Улсын аварга малчин”-аар хоёр удаа шалгарч, улмаар Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэн бол нэг ах нь “Улсын аварга малчин” юм байна.

 

 

Р.Мөнхдорж отор нүүдэл сайн хийдэг, малдаа дундаас дээш тарга хүч авахуулж, малаа төлөөр нь өсгөдөг малчин юм. Эднийх 9 өрхийг 766 малаар малжуулсан, сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг байнга дэмждэг, сүүлийн 5 жил дараалан сумандаа “Өргөмжит ээж”-ийн арга хэмжээг ивээн тэтгэж байгаа юм байна.

 

УИХ-ын дарга М.Энхболд эдгээр малчдад “Улсын аварга малчин”-ы энгэрийн тэмдэг, цом, өргөмжлөлийг гардуулж өгөх үеэрээ хэлсэн үгэндээ “Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, нутаг орныхоо хөгжил, нийгмийн салбарт байнга дэмжлэг үзүүлж, мал цөөтэй, амьжиргаа тааруу иргэдэд туслан малжуулж байгаа Та бүхний сайн үйлсийг зөвхөн нутаг орныхон чинь төдийгүй төр засаг үнэлэн хүндэлж байгаагийн илрэл нь энэхүү цолыг хүртээсэн явдал юм” хэмээн онцоллоо.

 

 

УИХ-ын дарга М.Энхболд Баянжаргалан сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, хууль тогтоох байгууллага УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, төр засгийн бодлого шийдвэр, гарч буй эерэг үр дагаврын талаар танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо.

 

Тэрбээр Баянжаргалан сумын сурагчдын дотуур байрны шав тавих ёслолд оролцсон юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах дотуур байрны барилгын ажил энэ жил эхэлж, 2019 онд ашиглалтад орсноор сумын сургуулийн нийт сурагчдын 60-аас илүү хувийг бүрдүүлдэг малчдын хүүхэд ая тухтай амьдарч, суралцах боломжоор хангагдах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.             

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
psda ene avarga malchin tarialanchdiin shagnal garduulna geed ulsiin mongoor tatvar tologchdiin mongoor baahan hulgaichuud baahan hun mashin daguulaad l huduuguur boon boonooroo tsuvraldaad yavah yum. oron nutagt tor toloolj zasag darga huraliin darga geed bga bizdee....ted naraaraa oguulchiheech.......naadahiig chin odoo sonirhodog hun ch bhgui bolson..ach holbogdol ni niigemd baga...bas namiin hariyalalch ordog bolson...bas hen lobbi toi ni avdag bolson...unen tsagaan hudulmuruuruu yavdag ni ene shagnalaas zugtdag bolson.......hairan ulsiin mongo.....
2018-02-13