БУЯН ХИШИГ бум живаагаар АРВИЖИХ өдөр
2018-02-16

 

Юу санасан бүхнээ бус билэг ерөөлт есөн хүслээ тэнгэртээ сүслэж, ургах наранг гэгээрч харах Шинийн нэгний өглөө. Илч цацралт наран шинэ тооллын эхний өдрийг зарлан мандахад  хийморлог Монголчууд  буян хишгийн зүгтээ мөр сүсгээ жигдрүүлжээ. Жил жилээр нас нэмэх амьдарлын тойрогтоо ачаа даах тэнхээ нэмэх сар шинийн баяр хүн бүрийн сэтгэлд, өнөр олуулаа, элбэг баян байхын өөдрөг итгэл өгдөг ер бусын энергитэй.  Уулын өндөрт гарснаар бус дотоод ухаарал, сэтгэлийн засал,  гэгээрэл бясалгалын тусгалаар амар амгаланг мэдрэх, цог хүчээ нэмэх  өдөр  гэж сар шинийн тухайд номын мэргэд тухайлсан захисан нь ч бий.

 

Үр удмын хүрээгээ шинжин, амар мэндийн хадгаар золгох буурлууд үр ачдаа үлдээх буянаа сүслэж зулайг нь үнэрлэх,  Сар шинийн баяр  буян хишиг  бум живаагаар  арвижих өдөр.   

   

Амар мэндийн хадагнаас гарын бэлэг хүртэлх баяр учрал золголт бүрийн ард эсэн мэнд, элэг бүтэн байхын үнэ цэнийг мэдэрцгээдэг,  Сар шинийн өдрүүд ураг төрлийн чуулган баяр юм.

 

Энэ өдрийн нараар ургаж буй жил нь самгардиар “Виламва”, төвдөөр “Тийн унжлагат”, нангиадын хэлээр “Вү сүй” хэмээх шороон нохой жил.  Их хүмүүн, ард иргэд цөм амар амгалан тайван. Ажил үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрэх, буян хурж эд агуурс дэлгэрэх эрхэм сайн гэж зурхайд буужээ. Мөн Нохой жил хуурай гандуу, салхи ихтэй, хур тунадас бага. Зун, намрын улиралд газрын шим арвижин үр тариа, төмс, нарийн ногоо, цэцэг навч, үр жимс боловсрон ургац элбэгшиж урт намар болно хэмээн шинжээд буужээ.

 

Улиран одож буй тахиа жилд Монгол элгэн бид 70 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж 3 сая 200 мянгуулаа болжээ. Буянт мал сүрэг өсөж 66 саяд хүрчээ.

 

 

:... Хүн өөрөө зүтгэж, сайн сайхан болгож чадвал муу зүйлийг өөрөө үгүй болгодог. Ямар ч хүн өөрчлөгддөг. Сайн сайхан явахыг өөрөө мэдэх хэрэгтэй. ... Ирж байгаа нохой жилдээ бие биенээ хүндэтгэсэн, сайн сайхан, эвтэй байж, урт наслахыг ерөөе гэсэн Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц гуайн билэг ерөөлийг  уншигчдаа дамжуулан талбия.

 

 

Хувь хүн өөрийнхөө дотоод сэтгэлд анхаарч чадвал бүх юм сайхан болно хэмээсэн Буддын гүн билэгт их утгат сургаалийг төр ёст, билиг ерөөлт  энэ өдрүүдэд дор бүрээ ухааран бясалгууштай. 

 

 

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

 

Shuud.mn
Сонин хачин