Орхон аймаг Энэтхэг улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахаар боллоо
2018-02-22
 

Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын байгууллагууд Энэтхэг улсын “Фортис Хоспиталс” групптэй хамтран ажиллахаар болж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

“Фортис Хоспиталс” групп нь Ази тив дэх эмнэлгийн хамгийн том сүлжээ байгууллага бөгөөд нийтдээ 61 салбар эмнэлгийг эгнээндээ нэгтгээд байгаа юм. Үүний 54 нь Энэтхэгт, үлдсэн нь бусад улс оронд байрладаг гэж тус группын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дрю Шарма хэллээ. Эдгээр эмнэлгүүд нь бүх төрлийн эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд элэг, зүрх, бөөр, уушиг, нойр булчирхай зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг өндөр түвшинд хийдэг аж.

 

Ийнхүү талууд санамж бичигт гарын үсэг зурснаар үндсэн гурван чиглэлд хамтран ажиллана. Тухайлбал, Орхон аймагт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийг Энэтхэг Улсад ажиллуулах, тус улсын өндөр мэргэжлийн эмч нарыг орон нутагтаа ажиллуулах, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчтөнг  Энэтхэгт эмчлүүлэх боломжоор хангах юм.Тэр дундаа эмнэлэг хоорондын хамтын ажиллагаанд голлон анхаарна гэдэгт талууд байр суурь нэгджээ.

 

 Санамж бичигт гарын үсэг зурах үеэр БОЭТ-ын захирал Б.Батсүх хэлэхдээ “Манай эмнэлэг 2007 оноос гадаад харилцаагаа өргөжүүлж эхэлсэн. Одоогоор АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг олон улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаад байна. Манай эмнэлгийн үйл ажиллагаа европ стандартад шилжсэн. Иймд хамтын ажиллагааны хүрээнд ирэх эмч мэргэжилтнүүдийг бүх боломж, нөхцөлөөр хангана” гэсэн юм. 

 

Өнгөрсөн онд орон нутгийн төсвөөс эрүүл мэндийн салбарт 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ онд “Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 140 сая төгрөгийг төсөвлөөд байна. 

 

ЭХ СУРВАЛЖ: Erdenet.mn 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин