Арьс өнгөөр ялгаварласан хөгжөөн дэмжигч тоглолт үзэх боломжгүй болов
2018-02-28

 

Кливлэнд Кавалерс, Сан Антонио Спөрс багуудын тоглолтын үеэр Спөрсийн холбон тоглогч Патти Миллсийг үзэгчдийн дундаас арьс өнгөний үзлээр доромжилсон тохиолдол гарчээ. Харин уг хөгжөөн дэмжигчийг Кливлэнд Кавалерс багийн зүгээс ордонд дахиж оруулахгүй байх шийтгэл өгснөө зарлалаа.

 

Ням гаригт болсон уг тоглолтын 4-р үед Патти Миллсийг торгууль шидэж байхад уг хэрэг гарсан бөгөөд хамгаалалтын ажилтнууд бичлэг ухрааж үзсэн аж. Улмаар насан туршдаа дахин уг ордонд орж тоглолт үзэх боломжгүй болсон гэдгийг нь мэдэгдсэн байна. Харин нэр ус, нас хүйс зэрэг нарийн мэдээллийг ил зарлаагүй юм. Харин нэг жилийн дараа уг хэргийг дахин авч хэлэлцэнэ гэдгээ багийн зүгээс мэдэгдлээ.

 

ABC телевизийн шууд дамжуулалтын үеэр нүүрний эгнээнд суусан уг үзэгч Миллс рүү хандаж “Хөөе чамайг Ямайка улс дуудаж байна. Тэд бобслейн тамирчнаа эргүүлэн авахыг хүсэж байна” гэж хоёр давтаж орилсон байна. Миллс нь Абориген гаралтай хар арьст Австрали тоглогч билээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Чикаго Блэкхокс баг мөн 4 хөгжөөн дэмжигчид үүнтэй адил шийтгэл өгсөн юм. Уг хөгжөөн дэмжигчид нь Вашингтон Капиталс багийн довтлогч Дэвантэ Смит Пеллиг арьс өнгөөр гадуурхаж орилсон аж.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин