Анхны намаас Авлигын нам хүртэл...
2018-03-02

 

 Ардын засгийн анхны 7-ийн нэг Догсомын Бодоо модон  ширээний хөлөөр Ардын намын тамгыг сийлж, түүнийг нь Богд Жавзундамба аравнайлсан содон түүхээс  хойш бараг нэгэн зуун өнгөрчээ. Энэхүү он жилүүдийн 70 жилд нь  дагуул улс байгаад, 27 жилд нь бие даан орших гэж зүтгээд ядуурсан улс боллоо. Хөгжихөөс илүүтэй  хямарсан үзүүлэлт ихтэй 26 жилийн бурууг шинэ Үндсэн хууль ба мөн улс төрийн намуудад хаяглах болжээ. Үүнд “үндсэн хуулийн өөрчлөлт” гэсэн том бүлгийг орхиж, улс төрийн намуудын санхүүжилтийн цаадах “өр төлөөс”-ний талаар энд товч хөндөв.

 

Судлаачид ба хөндлөнгийн ажиглагчдын хэлж байгаагаар санхүүгийн асуудлаар  өөрийгөө хянадаг, өөртөө дүгнэлт гаргадаг хуульчлагдсан эрхтэй  төрийн институци бол улс төрийн нам болжээ. Мөн олон нийтийн дунд явуулсан судалгаагаар авлигад хамгийн их өртсөн номинацаар мөн л улс төрийн намууд нэрлэгджээ.   Яагаад ийнхүү хар жагсаалтад намууд тэргүүн байрт гарах болов.

 

Өнөөгийн гол тоглогч намууд  хоёр төсөвтэй гэж болохоор. Сонгуульд зарцуулах мөнгө, өдөр тутмын үйл ажиллагааны санхүүжилт. Үүний ард мөн хоёр асуулт тавигдана. Гишүүнчлэлийн татвараар болон хандиваар санхүүждэг хуулийн ганцхан гарцтай улс төрийн нам том ордон, нүсэр аппаратынхаа зардлыг хэрхэн олдог вэ. Сонгууль бүрээр тэрбумаар цацагдах мөнгийг яаж босгодог вэ ? Дараа нь хэрхэн ямар эх үүсвэрээс төлдөг вэ.

 

Нам нь сонгуульд яллаа гэхэд ямар нэг аргаар босгосон мөнгөө хэн нэгэнд хүүтэй буцааж төлдөггүй. Харин төрд давуу байрлал олгож, томилгоо албан тушаалаар төлдөг. Мөн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар давуу байдал олгож, татвараас зайлсхийж гэнэтийн их ашиг олох бололцоог хангаж өгдөг. Энэ төлөөсний хохирол дэндүү их. Зөвхөн томилгоон дээр харахад төрийн албан хаагчийг хууль бус халсан нөхөн төлбөрт  шүүхийн тогтоолоор 7 тэрбум төгрөг төсвөөс гараад явчихсан байна. Намууд хуурай амлалтаар босгосон мөнгөө эргээд төсвөөс төлчихөж байгаатай адил. Төсвийн 7 тэрбумын нөхвөрөөр бүрдүүлсэн хандивын төлөөлөл баг бүрдлээ гэсэн үг. Энэхүү томилгооны баг эцсийн дүндээ 4 жилд юу амжуулаад сонгуульдаа  дахин мордох уу. Тэдний төсвөөс зувчуулдаг мөнгө ба бусад хохирлыг энд нурших дэмий биз. Харин үүний эсрэг хууль эрх зүйн хаалт хязгаарыг тавьж байгаа ч энэ нь мөн хамгийн богино настай хуулийн багцад даруй шилжиж байгаа нь анхаарал татаж байна.

 

Үүнд  Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэлж болно. АТГ -ын зүгээс төрийн албаны томилгоонд нэр дэвшсэн албан хаагчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд татгалзсан хариу өгвөл томилгоо тэгээд зогсдог байлаа. Харин одоо хуулинд “жижигхэн” өөрчлөлт оруулснаар энэ заалт үйлчлэлгүй болж төрийн албаны томилгоонд АТГ зүгээр л саналаа хэлээд буцаад суудаг ирц бүрдүүлэгчтэй адил болжээ. Энэ маш ноцтой болохыг хөндлөнгийн шинжээч байгууллага анхааруулаад байгаа.  Хувьдаа эмнэлэгтэй эмч ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хоригийг амархан давж  ЭМЯ-ны сайд болсон хуулийн гарц ердөө л энэ. АТГ томилгоонд тодорсон нэр дэвшигч дээр дүгнэлт гаргах эрхтэй боловч зогсоож чадахгүй хий амаа ангалзуулаад өнгөрөхөөс цаашгүй болжээ.

 

Улс төрийн намуудын хандив ба хариу барилт ийм хүчээр хэрэгжиж байна. Хяналтын ямар ч механизм, хуулийн заалтыг давж, шаардлагатай бол хуульд засвар өөрчлөлт оруулах замаар том хандивлагчдын томилгооны зам засагдсаар байна.

 

Улам цайм болсон  ийм гажуудлыг засах талаар эрх баригчид жинхэнэ хэлбэрддэг. Одоо яригдаж буй хуулийн төслөөр тухайн буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар ажлаас гэнэт халагдсаны нөхөн төлбөрийг төлүүлдэг болох заалт явж байгаа. Харин энэ нь яаж хэрэгжих гэдэг дээр бүгд эргэлзээтэй ба бусад хуулиудтай холбогдохгүй, хэрэгжихгүй  гэдэг үндэслэлээр  хуулийн төслөөс хасагдах магадлал өндөр байгаа гэнэ.

 

Ингэхээр хөндөгдөж буй сэдэв дээр бид хоёр зүйлтэй эхлээд эвлэрчих ёстой санагдана. Нэгдүгээрт,улс төрийн нам мөнгөгүй бол сонгуульд  шүдгүй матартай адил. Тэд заавал мөнгө босгох ёстой. Хоёрдугаарт, улс төр бол өөрийн өвөрмөц  дүрэм, мөнгө бизнесийн дээд ашиг сонирхлыг нэгтгэдэг онцгой салбар. Тийм болохоор намууд хандив авах, мөнгө босгохыг нь хорих ба хазаарлах нь өөрөө амьдралаас хол. Үүний нөгөө талд намууд ил тод хандив авах, зарцуулалтаа тайлагнадаг болсон гэж хууль санаачлагчид байнга хэлдэг. Одоо  мөрдөж буй хуулиар хэлбэрийн хувьд ийм заалт байгаа ч хэзээ ч хэрэгжихгүй формал заалт болчихсон.  2016, 2017 оны сонгуулийн бодит байдлаас хол зөрүүтэй санхүүгийн тайлангууд үүнийг харуулж байна. Товчдоо харагдаж буй шийдэл бол улс төрийн намууд мөнгө босгодог. Намууд сонгуульд зарцуулсан мөнгөө эргээд төсвөөс олчихдог  бус төрөөс авчихдаг  болох л зарчмыг хангах тухай хувилбар энд үлдэж байна.

 

Намууд санхүүжилт босгох, хандив авах гэдэг шаварнаасаа гарахгүй бол бид төрийн цэвэр тунгалагийн тухай ярих нь утгагүй. Бага зардлаар шударга сонгууль явуулах нөхцөлийг хангаж, энэ зардлыг нь төрөөс өгчихдөг бол намууд авлигын манлайллаас бууж, “засрах ” магадлалтай.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголд ямар ч нам байхгүй, зөвхөн АН, МАН, МАХН гэсэн дээрэмчдийн бүлэглэл л бий!!!
2018-03-03
Шунал нь дуусдаггүй хувалзнуудаас, улсын мөнгийг, улс орноо хариханд зардаг бирдүүдээс салах цаг нь болоод удаж байна
2018-03-03
Энэ бохир заваан ард түмэн дотор талцалыг бий болгодог, намд шургалсан этгээдүүдийг ажилтай болгодог ардтүмний өмчийг идэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг, шудрага ёсыг дарангуйлж хулгайч хүчирхийлэгч нарыг дэмждэг намуудыг тараах хэрэгтэй.. Хүнн одоо амар тайван албан тушаал хашин гэр бүл үр хүүхдээ тэжээх боломжгүй болсо. Нам солигдвол албан тушаалаасаа огцрох учраас боломж дээр мөнгө хуримтлуулахаас өөр аргагүй болжээ. Бага тушаалын хүмүүс байнгын санаа зовнил дотор албаа хашиж байна. ИХ-ын гишүүд, яам аймгийн дарга нар ажлыг минь найздаа өгөх вий гээд. Шудрага нэр цэвэр ард түмний төлөө ажиллаж чадах ерөнхийлөгч олж тодруулан хангалттай цалин өгөн ард түмний хяналт дор ажиллуулъяа
2018-03-03
Tsogtsetseg avgai 10 davhar emnelgee nuugaad said bolsondoo Teriin said hudalch hun bolohoor suudal ni hundedsen bhaa
2018-03-02