Атлетико Мадридын хослолын Хятад дахь таагүй эхлэл
2018-03-06

Атлетико Мадрид клубын хослол болох Янник Карраско, Нико Гаитан нар Хятадын сүпер лигийн Далиан Ифан клуб рүү зарагдсан талаар Испанийн Ла Лигээс албан ёсоор мэдэгдээд удаагүй. Гэхдээ цалингийн талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна. Харин наймааны нийт дүн 48 сая евро гэдгийг мэдэгдэв. 

 

Белгийн жигүүр Карраско нь 2015 онд Атлетико Мадрид клубт нэгдсэнээс хойш 124 тоглолтод оролцож, 23 гоол оруулаад байгаа юм. 24 настай Белги эр, ахлах дасгалжуулагч Диэго Симонетайгаа таарамжгүй харьцаатай байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байв.

 

 

Харин 30 настай Аргентиний довтолгооны хагас Нико Гаитан нь Бенфика клубээс ирснээсээ хойш 49 тоглолтод оролцож 4 гоолоор эсрэг багийн хаалгаа мялааж байсан. Тэрбээр 2016 онд тус багтай нэгдэж байсан юм.

 

Ифан багийн мэдэгдэж буйгаар Карраског Барселона болон Челси клубүүд сонирхож байсан аж. Хоёр тоглогчийг авахаасаа өмнө Хятадын баг мөн л Атлетико Мадрид клубын од Фернандо Торресийг авах гэж оролдоод бүтэлгүйтсэн юм. Торресийн хувьд одоо хүчинтэй байгаа гэрээ нь энэ улирлыг дуусгаад дуусгавар болж буй аж.

 

Ифан клуб нь өнгөрсөн улиралд Хятадын хоёрдугаар лигийн аварга болж энэ жил сүпер лигт дэвшин тоглох болсон. Тиймдээ ч мөнгө хаяж гадны импорт тоглогч авч ирэх тал дээр шуурхайлан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт тэд Португалийн тоглогч Жосе Фонтетой гэрээ байгуулаад амжсан.

 

Гэвч энэ тоглогчдын Хятад дахь амьдрал тийм ч дардан эхэлсэнгүй. Тэдний оролцсон эхний тоглолтод Далиан Ифан баг Шанхайн багт 8:0 харьцаатай бут ниргүүлэв. Уг тоглолтод Шанхайн багаас Бразил хослол болох Оскар, Халк нар 5 гоол оруулсны 3-ыг Оскар шигтгэсэн байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин