"Алварезийн эсрэг Головкин" тулаан цуцлагдаж болзошгүй
2018-03-06

Мексикийн дунд жингийн боксчин Саул "Канело" Алварезийн биеэс хориглосон бодис илэрчээ. Энэ талаар "Голден Бооё" промөүшн компаниас албан ёсоор мэдэгдэв. 5 сарын 5-нд ялагдашгүй тулаанч Геннади Головкинтой тулалдах хуваарьтай байгаа Алварез сайн дурын шинжилгээ хийлгэхэд ийм хариу гарсан байна.

 

Үүнийг хэрэглэж байсан махтай холбон тайлбарлаж байгаа юм. Мексикт сүүлийн жилүүдэд хүнсний махнаас болж их олон тамирчдад ийм хүндрэл тулгарч байгаа талаар төлөөлөгч нар нь мэдэгдэж байна. Гэхдээ ойрын хэд хоногоос тэрбээр АНУ-ыг зорьж эрчимжүүлсэн бэлтгэлд орох бөгөөд тэр үеэрээ дахин нарийвчилсан шинжилгээнд хамрагдана гэж мэдэгдэв.

 

 

"Би их спортоо хүндэлдэг тамирчин хүн. Тийм учраас энэ шинжилгээний хариу намайг үнэхээр цочирдуулж, бас сандаргаж чадлаа. Ялангуяа ийм зүйл өмнө нь тохиолдож байгаагүй болохоор гайхширмаар санагдаж байна. Би энэ үл ойлгогдох нөхцөл байдлыг арилгахын тулд боломжтой бүх аргыг хэрэглэх болно. Эцэст нь бүх зүйлийн үнэнээрээ үлдэнэ гэдэг итгэж байна" гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдав.

 

"Голден Бооё" компани нь Дэлхийн Сэргээшийн эсрэг байгууллагын лаборатороос ирүүлсэн захидалд "Хориглосон бодисын биеэс илэрсэн хэмжээ нь хүнсний маханд агуулагдаж болохуйц хэмжээтэй" гэж бичсэн талаар дурьдав.

 

Өмнө нь 2011 онд Мексикт зохиогдож байсан U-17 ангилалын хөлбөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний үеэр 100 гаруй тамирчны биеэс мөн адил төстэй бодис илэрч байсан аж. Мөн 2014 онд Мексикийн шигшээ баг ДАШТ-д оролцох үеэр хүнсний жагсаалтаас үхрийн махыг хасч байжээ.

 

Харин уг шинжилгээний хариу хоёр тулаанчийн тулаанд нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй тулаан товлосон хугацаанаасаа цуцлагдаж болзошгүй талаар сонирхогчид жиг жуг хийж эхэллээ.

 

 Алварез нь 49-1-2 амжилттай боксчин бөгөөд 2013 онд домогт Флойд Мэйвэйдерт ялагдсан нь түүний замналдаа авсан ганц хожигдол билээ. Харин 9 сард болсон Головкины эсрэг тулаан нь тэнцээгээр өндөрлөж байсан юм.

 

Түүний биеэс илэрсэн бодисыг үхрийг муулахаас өмнө өөхийг нь багасгах гэж хүнсэнд нь хэрэглэдэг талаар мэргэжилтнүүд мөн хэлж байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин