Монголын эмэгтэй захирлуудын тоо буурчээ
2018-03-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын хөрөнгийн биржийн байранд “Жендерийн тэгш байдлын төлөө” хонх цохих арга хэмжээ өнөөдөр /2018.03.07/ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Дэлхийн банк, МҮХАҮТ, Компанийн засаглалын хөгжлийн төв, НҮБ-ын монгол дахь төлөөлөгчийн газар, эмэгтэйчүүдийн зөвлөл холбоодын төлөөлөл оролцов.

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Жендерийн тэгш эрхийн төлөө” уриан дор нэгдэж дэлхийн 59 хөрөнгийн биржид энэхүү цан цохих арга хэмжээ нэгэн зэрэг зохиогддог. Манай улсад энэхүү арга хэмжээг Олон улсын санхүүгийн корпорацийн санаачлагаар өнгөрсөн жилээс зохион байгуулдаг болжээ.

 

Энэхүү цан цохих ёслолоор дамжуулан эмэгтэйчүүдийн эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийг зорьдог байна. Энэ талаар НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч  Биата Транкман “Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх зорилгоор хонх цохих арга хэмжээ зохион байгуулагддаг. Тогтвортой хөгжлийг цогцлооход энэ асуудал чухал. Эмэгтэйчүүдэд нээлттэй орчинг бий болгох шаардлага байна. Монгол улс дахь 10 ажлын байр тутмын 7 нь хувийн хэвшил байна. Монголын топ 100 компанид гүйцэтгэх захирлын түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь дөнгөж зургаа байна. Иймд эмэгтэйчүүдийг манлайллын түвшинд ажиллахыг анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

 

 Харин дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Монгол улсад сүүлийн 5-6 жилийн хугацаанд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд эзлэх хувь хэмжээ нэлээдгүй өөрчлөгдсөн байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт багассан, эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харах явдал ихэссэн хандлагатай боловч төрийн зүгээс хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлснээр эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлсэн байна.  Би 1996 онд Монголын хөрөнгийн бирж дээрх томоохон компаниудын дунд судалгаа хийж байсан. Энэ судалгаагаар том компаниудын 10 хувь нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай байсан. Гэтэл өнөөдөр 6 хувьд хүрч багасчээ. Иймд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь зөв” гэлээ. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Тэгээд юү гэж
2018-03-09
gertee suuj huuhdee har sn humuujuul
2018-03-07