Улаанбаатар
Пёнчан-2018: Монголын төрийн далбааг мандууллаа
3-7

 

БНСУ-ын Пёнчан хотноо зохиогдохоор бэлтгэлээ базааж буй Паралимпын өвлийн XII наадмын Олимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол өнөөдөр боллоо. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд энэ удаагийн Паралимпын өвлийн наадамд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Зохион байгуулах хороо, олимпийн хотхоны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. 


Элчин сайд Б.Ганболд арга хэмжээний үеэр олимпийн хотхоны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байр, тэмцээний бэлтгэлийн явцын талаар дасгалжуулагч, тамирчныхаа хамтаар танилцаж, ЭСЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, баг тамирчиддаа амжилт хүслээ. 


Тус паралимпын өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, уулын цана, снөүбоард, хоккей, тэргэнцэртэй кёрлинг зэрэг 6 төрлөөр 80 багц медалийн төлөө 49 орны 670 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулна.

 

“Пёнчан-2018” Өвлийн паралимпийн XII наадамд пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Бөтмөнхийн Ганболд нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд  уралдана.

 

Манай тамирчин Б.Ганболд нь Олон Улсын Паралимпийн хорооноос 2018 оны 2 дугаар сарбн 26-ны өдөр гаргасан чансаагаар LW-6 спортын ангилалд 55 тамирчнаас 23-р байр 74.04 оноогоор эрэмблэгдэж яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Shuud.mn
Сонин хачин