Х.Баттулга: Монголын эмэгтэйчүүд төрөөсөө шударга ёсыг л нэхэж байна
2018-03-08
 

Гэрэл зургуудыг MPA.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Алдарт эхийн одонт 1000 ээжийн чуулга уулзалт боллоо.

 

Алдарт эхийн одонт ээжүүд Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулснаар чуулга уулзалт эхэлсэн юм. Жил бүрийн чуулга уулзалтыг тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 11 дэх удаагийн чуулганаар “Одонтой ээжүүдийг орон сууцжуулах” асуудлыг ярилцсан юм.

 

ЧУУЛГАНЫ ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ИЛГЭЭЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА УНШИЖ СОНОРДУУЛЛАА. ИЛГЭЭЛТЭД:

 

“Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, хатагтай нар аа

 

Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье.

 

Эхчүүд, эмэгтэй хүний талаар уянгатай, уран сайхан үгсийг хэчнээн л бол хэчнээнээр хэлж болно. Үүнд ямар нэг хязгаар байхгүй. Харин би илүү бодитой асуудлууд, шийдэлд анхаарахыг хүсдэг. Монгол Улсын хүн амын бүтцэд үеийн үед эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс тоогоор яльгүй давуу явж иржээ. Сүүлийн статистикаар хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Монгол эмэгтэйчүүд, эхчүүд түүхийн туршид гэр бүлдээ давамгайлах байр суурьтай байж ирснийг Монголын нууц товчоо болон бусад сурвалжаас тодорхой харж болно. Их эзэн Чингис хаан дайснаасаа айж үзээгүй хэрнээ Өүлэн үжин эхээс, Бөртэ үжин хатнаас эмээж, ажил үйлсдээ, ахуй харилцаандаа тэдний мэргэн зөвлөгөөг дагаж иржээ.

 

Өнөөгийн эмэгтэйчүүд ч айл гэрийн жинхэнэ тэргүүн, гол нөлөөлөл, шийдвэрийн цөм болдог. Гэвч төрийн алба, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Уг нь статистикт итгэх юм бол дээд боловсролтой иргэдийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд байгаа юм. Тийм болохоор Монголын түм түмэн ээжүүдийн төлөөлөл мянган ээж цугласан энэ баярын илгээлтдээ би эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг улс төрд болон төрийн удирдах дээд албанд бий болгох, өргөжүүлэхийн төлөө бодитой ажлууд хийх, санаачлахыг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон улс төрийн намуудад уриалах байна.

Өнөөгийн Монголын эмгэнэлт дүр төрх болчихоод байгаа ядуурал, ажилгүйдэл, ёс зүйгүй, шударга бус байдлын золиос нь юуны түрүүнд эмэгтэйчүүд болж, хуульгүй, ёс зүйгүй байдалд тэд хамгийн түрүүнд өртөж байгааг бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр сануулах, засаж залруулахыг шаардах ёстой.

 

Ерөнхийлөгчийн хувиар Улаанбаатар хот, аймгуудаар тойрч, иргэдийн дуу хоолойг сонсоход эмэгтэйчүүд илүү идэвхтэй, шаардлага өндөртэй байдаг нь ажиглагдаж байна. Тэд төр засгаасаа халамж, бэлэн мөнгө шаардахгүй байна. Монголчууд, Монголын эмэгтэйчүүд төрөөсөө юуны өмнө шударга ёсыг л нэхэж байна. Хуультай, ёс зүйтэй төр шиг төрийг хүсэж байна.

 

Эмэгтэйчүүд төрөөсөө ажлын байр шаардаж байна. Тэд эзэмшсэн мэргэжил, ажил хийж олсон мөнгөөрөө гэр бүлээ, үр хүүхдээ өсгөж бойжуулах, сурган хүмүүжүүлэх, эрүүл саруул өсгөх тийм хэвийн нөхцөл, зүй ёсны тогтолцоог л шаардаж байна.

 

Олон хүүхэд гаргасан болон бага насны хүүхдээ асарч байгаа, мөн өрх толгойлсон эхчүүдэд төрөөс дэмжлэг үзүүлсэн хууль эрхзүйн орчин бий болсон нь сайшаалтай байгаа ч улам сайжруулах, цаашлаад орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулдаг болох боломжийг бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах болно.

 

Эмэгтэйчүүдээ нүүр бардам, эрх тэгш, жаргалтай сайхан амьдрах нөхцөлийг хангаж чадахгүй юм бол Улсын Их Хурал, Засгийн газар, төр гэж байгаад яах вэ. Эмэгтэйчүүд нь гуниг зовлонд нэрвэгдэж байхад сонгогдсон түшмэд нь үнэтэй машинаар уралдаж, увайгүй луйварчдад төрийн өмчөөр баталгаа гаргаж суух нь төрийн үүрэг мөн билүү? Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахгүй, тэдний хэвийн амьдралын нөхцөлийг бүрдүүлэхгүй юм бол сонгууль хийх, түшмэдийг сонгохын утга учир нь юунд байх билээ.

 

Мянган ээжийн баярыг би бүх ээжийн эрхийг хамгаалах, тэдний төлөө дуугарах өдөр л гэж ойлгож байгаа. Тийм болохоор хэлэх гэснээ тэсэлгүй хэллээ. Уучлал хүсье.

 

Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг дахин ерөөе” гэжээ.

Мөн Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулсан “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа “Энэ арга хэмжээнд 31-92 насны алдарт эхийн одонтой ээжүүд оролцож байна. Та бүхэнд баяр хүргэе. Бид зургаан хүүхэд гаргаад одон авдаг бол энд 146 хүүхэд өсгөн хүмүүжүүлж, ирээдүйн эрүүл саруул иргэдийг бэлтгэж буй ээж, олон мянган хүүхдийг өвчин зовлонгоос нь салгаж, анагааж эдгээсэн ээж гээд бахархам олон эхчүүд ирсэн билээ. Мөн биднийг дэмждэг үе, үеийн Төрийн тэргүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монголын хүн ам зүй, удмын сангийн асуудал нь хил хязгаар бүрэн бүтэн байх, Монгол Улс тусгаар тогтносон байхтай эн тэнцэхүйц чухал асуудал байдаг юм. Тэгэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад энд сууж байгаа ижий нарын хувь нэмэр их юм. Үндэсний аюулгүй байдлын  бүрэн бүтэн байдлыг хангаж суугаа та бүхэнд сайн сайхныг хүсье” гээд  олон хүүхэдтэй ээжүүдийг орон сууцжуулах төслийн талаар танилцуулав.

 

Мөн дээрх сэдэвтэй холбогдуулан “ABA marketing” компанийн удирдлагууд олон хүүхэдтэй гэр бүлийг орон сууцжуулахад санхүүгийн хөшүүрэг үзүүлэх талаар баримталж байгаа бодлогоо танилцуулсан юм.

Эх сурвалж: president.mn

Shuud.mn
Сонин хачин
Чи оороо алга болчихвол бид сайхан амьдрана шуу дээ Путины голгоо:
Еронхийлогч бологвол ондор настангуудад унэгуй байр огно гэсэн яасан Ор тэглэнэ гэсэн яасан шаалтуураа
2018-03-09
Хулгайч шудрага есыг тогтоох юм гэнэ:
Баттулгаа чи оороо хулгай луйвар хийхлээр чинь энэ ард тумэн чинь яаж сайхан амьдрах юм бэ. Эбээ та хоер шудрага байлдаа
2018-03-09
Kkkkk:
Nee hulgaich hezee shoron yavah ve?
2018-03-08
ерөнхийлөгч дажгүй илгээлт ирүүлж ингээл болоошдэ хүрэлсүх өчигдөр яаваа эгээтэй л 1000 эмэгтэйтэй өдөр нь хурал орой нь найр шөнө нь хайр болох дөхлөө
2018-03-08