Сайхан үгний ардах саарал төрх
2018-03-09

 

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Улаанбаатар хотод долоон эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна.  Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, бүсгүйчүүд эрхээ хамгаалах энэ өдрөө нөхөртөө, хамтран амьдрагчдаа зодуулжээ. 24 настай бүсгүйгээс эхлээд 60 настай эмэгтэй хүчирхийлэлд өртөж, цагдаагаас тусламж хүссэн байна. Хүчирхийлэгчид бүгд архидан согтуурсан үедээ дэргэдэх бүсгүйгээ зодсон мэдээлэл цагдаагийн байгууллагын бүртгэлд буй.

 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

“Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ... тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ...байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Өөрийн эхнэр, найз бүсгүйнхээ эрхийг нь хамгаалах ёстой өдөр эрхийг нь ноцтой зөрчсөн нь энэ.

 

Ийм л дүр төрх, нөхцөл байдалтай учраас бүсгүйчүүд баярын ширээний ард биш хаврын жихүүн өдөр төв талбайд нүцгэн жагсаал хийж, эрхээ нэхсэн хэрэг. Тэд тэгш эрхийг, хүчирхийлэлгүй, сэтгэл хангалуун амьдралыг хүсч байгаагаа илэрхийлж, “Баярлах эрхгүй” байгаагаа хэлж байв. Эрхээ хамгаалах, баярлах өдрөөр эр нөхөртөө, хайртай хүндээ зодуулж, гомдсон, бэртсэн бие сэтгэлтэй үлдэж байхад үнэндээ баярлах ч шаардлага алга. Хорвоогийн бүхий л өдөр МАРТ-8 шиг байгаасай гэж нэг хэсэг нь хүсч байхад нөгөө хэсэг нь өөрт нь зориулагдаагүй баярыг ч тэмдэглэж, хөлчүүрхсэн эр хүнд зодуулахгүй, хэл ам, хэрүүл тэмцэлгүй өнгөрөөчих юмсан гэж халгаж суух.

 

Цэцэг аваагүй бол бүсгүй та өөрөө цэцэг юм

Бүсгүй хүнийг нүдэндээ нулимстай, хэвлийдээ үртэй нь бүү орхи

Бүсгүйчүүд минь өдөр бүр л өнөөдрийнх шиг баяр баясгалантай аз жаргалтай байх болтугай гэхчлэнгээр гоё сайхныг илэрхийлсэн үгс хөврөөстэй. Таних, танихгүй бүсгүй бүхэнд хаяглагдсан энэ сайхан үгсийн ард хүчирхийлэл гэх саарал төрх нуугдаж буйг илэрхийлсэн нь цагдаад хандсан долоон эмэгтэй. Ард нь хичнээн бүсгүй уйлж хоносныг, яаж өвдсөнийг, хэд нь энэ амьдралаасаа залхсаныг таах боломжгүй.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь зөв. Гэхдээ тэр эрх нь хязгаартай, тэдэнд бас үүрэг хариуцлага гэж байдгийг ойлгуулж сануулахад илүүдэхгүй. Гадуур архидан самуурч, ёс бус үйлдэл хийдэг, гэр бүл үр хүүхдээ зовлонд хаясан хүүхнүүд улам л нэмэгдээд бна.
2018-03-10
Ээж:
Эхниий ээлжинд Мартаар эмэгтэйчүүд архи ерөөсөө уухгүй байя гэсэн уриалга гаргаж тэмдэглэж хэвшвэл.
2018-03-09
111111:
нуудгайтайгаа март тэмдэглээд явж байгаад баригдсан эмэгтэй зодуулах нь зөв биш үү?
2018-03-09