Вьерра аваргын бүсийг өөрийн болгохыг зорьж байна
2018-03-09

 

UFC холбооны эмэгтэй дунд жингийн тулаанч Кетлэн Вьерра өөрийн ялагдаагүй цувралаа 10 болгоод байгаа. Тодруулбал UFC 222 тулааны үеэр Кэт Зинганог ялж 10 дахь дараалласан ялалтаа авсан.

 

Уг тулаанд тэрбээр хавирга нь хугархай байсан ч оролцсон гэж мэдэгдээд байгаа. Тулаан болохоос өмнө яг 10 хоногийн өмнө тэрбээр хавиргаа хугалсан юм. Гэхдээ энэ бүхэн түүнд саад болоогүй нь түүнийг ямар тулаанч гэдгийг нотлох мэт.

 

 

Харин уг тулааны дараа тэрбээр ярилцлага өгөх үеэрээ дараагийн удаа бүсний төлөө тулалдана гэдгээ мэдэгдсэн байна. Вьерра “ Би тэр бүс зүүмээр байна. Би саяын тулаанд хавирганыхаа гэмтлийг ч үл тоон зөвхөн хурдхан тэр бүсийг зөөхийн тулд л дэвжээнд гарсан. Үрэвслийн эсрэг эм бараг 7 хоног ууж байж орсон. Гэхдээ үүнд өрөвдөөд байх шалтгаан алга. Би зүгээр л хурдхан шиг өөрийн гэсэн бүстэй болмоор байна” хэмээжээ.

 

Вьерра 2016 оны 10 сард анхныхаа тулаанд орж, UFC-д 4 ялалт байгуулаад байгаагийн дотор Эшли Эванс-Смит, Сара МакМэнн, Зингано гэсэн хүчирхэг тулаанчид багтана. Харин UFC-д орж ирэхээсээ өмнө бусад тулаанаа хийсэн бөгөөд Бразилийн мэргэжлийн тулааны холбоодуудад өөрийн жиндээ аваргалж байсан юм.

 

Харин одоогоор уг жингийн бүсийг эзэмшиж буй Аманда Нюнез болон уг жинд 4 дүгээр байранд эрэмбэлэгдэж байгаа Ракүэл Пэннингтон нар 5 сарын 12-нд Бразил улсын Рио Де Жанейро хотод  тулалдах юм. Харин уг тулаанд ялсан тулаанчтай нэгийгээ үзэх хүсэлтэй байгаагаа Вьерра мэдэгдээд амжлаа. Тэрбээр “Аманда Нюнез Ракүэл Пэннингтон хоёрын хэн ялсантай нь би тулах сонирхолтой байна” гэж UFC 222-ын дараа өөрийн санаагаа илэрхийлсэн.

 

Харин UFC холбооны босс Дана Уайт Крис Сайборг болон Нюнез гэсэн тулааныг зохиож ялагчид нь хоёр бүс эзэмших эрх өгөхөөр төлөвлөөд байгаагаа илэрхийлсэн.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин