Э.Амартүвшин "БРАВО"
2018-03-12

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин ОХУ-ын  “Браво” шагналын эзэн болж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд дахин дуурсгажээ.

 

ОХУ-ын соёлын яам, “Роснефть” компанитай хамтран өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн 15 орны мэргэжлийн уран бүтээлчдээс шилдгийг шалгаруулж энэхүү “Браво” шагналыг гардуулдаг болсон.

 

Уран бүтээлчдийг нийтийн болон мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр шалгаруулдаг байна. Ингэхдээ тухайн уран бүтээлч олон оронд аялан тоглолтоо хийсэн төдийгүй цомгийн борлуулалт зэрэгт тулгуурлан үнэлгээ өгдөг аж.

 

Энэ жилийн “Браво” шагналыг УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин хүртжээ. Тэрбээр нэр дэвшсэн шилдэг уран бүтээлчдийн гала тоглолтод энэ сарын 11-нд оролцож, Москва хотын “Большой” театрын тайзнаа хоёр дахь удаагаа дуулж, шагналаа  гардан авсан байна. Э.Амартүвшин “Монгол Улсын соёл урлагт чухал түлхэц болохороор үйл явдал боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Э.Амартүвшин гавьяат 2016 онд "Кардифын дуу хоолой" тэмцээний шилдэг тавд шалгарч байсан төдийгүй өнгөрсөн нэгдүгээр сард “2018 оны Дэлхийн дуурийн шилдэг залуу дуучин номинаци”-д анх удаа Монгол улсыг төлөөлөн нэр дэвшсэн. Энэ мэтчилэн тэрбээр эх орныхоо нэрийг олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож олонтаа дуурсгасан. 

 

Тэрбээр Оросын алдарт хөгжмийн зохиолч И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны “Гран при“ буюу шилдэгийн шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналт хүртсэн гээд түүний гавьяа шагналыг дурдаад барашгүй.

 

“Браво” шагналыг ОХУ-ын Москва хотыг дэлхийн соёлын төв болгох зорилгоор зохион байгуулж буй ажээ.

 

 


 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Aguu aguu. Bayar hurgiye. Bayarlalaa.
2018-03-12
Amjilt..............
2018-03-12