Секундээр хэмжигдэх амжилтын эзэн ХЭН бэ
2018-03-13

Итали улсад болж буй олон өдрийн дугуйн уралдаан амжилттай үргэлжилж байна. Уг уралдаанд таван гараанд түрүүлсэн Адам Ейтэс, Михал Квиатковски нар тэргүүлэгчийн төлөө өрсөлдөж буй  юм. Манай цагаар даваа гаригийн орой өндөрлөсөн уралдаанд гуравдугаар байранд орсон Михал нийлбэр дүнгээр тэргүүлсэн хэвээр байна.

 

 

Саяхан тав дахь түрүүгээ авсан Ейтэс түүнийг эрчимтэй нэхэж, өчигдөр болсон уралдаанд 178 км зам туулахаас сүүлийн 4 километрт өрсөлдөгчөөсөө тасарч чаджээ. Тэрбээр өрсөлдөгчдөөсөө 7 секундээр түрүүлсэн юм.

 

“Иймэрхүү өгсүүр замд чи чадах бүхнээ дайчлах ёстой байдаг. Толгодын төгсгөл хэсэгт манай багийнхан надад маш таатай байрлалыг олж өгч чадсан учраас үлдсэн хэсэгт нь өөрөө хичээхээс өөр сонголтгүй болсон. Тиймээс надад гагцхүү хурд хийж дайрахаас өөр арга зам үлдээгүй” гэж тэмцээнд түрүүлсэн Ейтэс сэтгүүлчдэд ярьжээ.

 

Уг уралдаан нь бэлтгэлийнхээ үеэр нас барсан дугуйч Скарпонигийн дурсгалд зориулсан гараа байсан юм. Энэ талаар “Би Мишель Скарпониг хувь хүн талаас нь мэддэг байгаагүй. Би хэзээ ч түүнтэй ярьж байгаагүй. Гэхдээ маш олон дугуйчдын хувьд хүндхэн өдөр байсан. Тэр дахин энд бидний дунд уралдахгүй гэхээр нэг л харамсмаар. Бэлтгэлдээ өглөө нь гарсан хүн орой нь ирэхгүй байх тохиолдол бидний хэнд маань ч тохиолдож болно шүү дээ” гэж сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

 

Тэмцээний үлдсэн хоёр гарааны эхнийх нь 156 км үргэлжлэх бөгөөд өнөөдөр орой болж дуусах юм. Улмаар орон нутгийн цагаар мягмар гаригт хамгийн сүүлийн гараандаа тамирчид гарснаар Италийн тур тэмцээний ялагч тодорно.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин