Оюутолгойн ОНЦГОЙ РЕКЛАМ
2018-03-14

 

Үзэгчид олонтой нэвтрүүлгийн баатрууд, хөтлөгч нар хаалттай Оюутолгойд зочилж, хонох нь олшров. Нэг талаасаа халуун цэг дээр өнжиж, хонож байгаа хэрэг байх. Нөгөө талаас Оюутолгойн нэр төрийг өндөрт өргөх үүрэг авсан гэмээр.

 

Үзэгчид оргил цагт “пиг” байдаг хэд хэдэн сувгаар өнөр өтгөн, амар амгалан байдал ноёлсон нэгэн бүтээлч багынхан байгаа талаар тун нарийн зохиомжтой бүлэг реклам байнга цацагдах болов. Монгол хүн том төсөлд ажиллаж, бүтээж босгож явна гэсэн гол цөм дээр зангидсан энэ рекламны захиалагч нь Оюутолгой байх нь мэдээж.

 

Бараг богино хэмжээний мюзикл клип шиг урт /4-5 минут орчим/ рекламыг “гоё” хийлгээд, ТВ-үүдийн топ цаг хөтөлбөрөөр мөнгөөр зодож цацах Оюутолгойгоос өөр ямар компани манайд байх билээ. ТВ рекламны үнэ ханштай харьцуулж бодоход нэг цацалт нь сая төгрөг хол давах. Энэ нь манайдаа ОРТ-ийн нэг удаагийн богинохон рекламны ханшид дөхөж очиж байгаа юм.

 

Оюутолгойтой холбоотой дуулиан жил бүр хамрын ханиад шиг өндөр авахад ийм төрлийн найрсаг уур амьсгалтай реклам мөн дагаад цацагддаг. Оюутолгойн захиалгат рекламны цаана Монгол ажилчдын эрх ашгийг бариад байгаа нь нэвт ханхалдаг. Энэ нь “Оюутолгойгоор оролдвол энэ сайхан хамт олон, монгол ажилчид гудамжинд гарна шүү” гэсэн сүрдүүлэг давхар явж байгаа сэтгэгдэл үлдээдэг.

 

Оюутолгойн хөрөнгө оруулалт, төслийн Монголд ирж буй үр дүн, тог цахилгаан, татварын орчинд манай төрөөс асуудал тавиад ирэхээр энэ сайхан рекламныхаа яг эсрэг үйлдлийг хийж чадахаа нэг бус удаа харуулсаныг хатуу ч гэлээ энд хэлмээр. Хамгийн сүүлд /2015-2016 онд/ Оюутолгойгоос 300 монгол ажилчин нэг дор халагдаж, хүний хүн хүрэн бөөртэй гэдгээ харуулж байв. Энэ үед  Оюутолгойн зүгээс ямар нэг тодорхой тайлбаргүйгээр үндсэн ажилчдаас 200, туслах ажилчдаас 100 хүн халагдаж шуугиан тарьж байв. Халсан ажилчдад хөдөлмөрийн гэрээг нууцлахыг хатуу анхааруулсан ба гэрээг ил гаргавал гэнэт халагдсаны тэтгэлгийг өгөхгүй гэж сүрдүүлж байсан мэдээлэл байдаг.

 

"Оюутолгой" төслийн гvйцэтгэх захирал Кит Маршалл дэлхийн санхvvгийн хямрал, металлын vнийн уналт Оюутолгой төслийн ажиллах хvчний тоог цомхотгоход хvргэлээ гэж тэр үед цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Ер нь бол цаад шалтгаан нь ил уурхайн барилгын бүтээн байгуулалтын шат дууссантай холбоотой. Нэгэнт технологийн хувьд жигдэрсэн үйлдвэрийн хувьд их хэмжээний Монгол ажилчид шаардлагагүй болчихоод байсан хэрэг. Одоо ч мөн адил далд  уурхайн бүтээн байгуулалтын ажилд Монголын туслан гүйцэтгэгч компанийн ажилчид дийлэнх байгаа. Тэд маань Оюутолгойн үндсэн ажилчин мэт харагдаж, Оюутолгойн нүүрийг монголчуудын өмнө тахалж байна. Энэ нь Оюутолгойд хоносон Алтантүрүүгийн нэврүүлгээс шууд ойлгогдлоо.

 

Саяхан засгийн сайд явсан, гишүүн асан нэгэн эрхэм элсэн шуурганд дундуур зүсэн зүтгэсээр  “лайв” хийсэн чигтээ өнөөх хаалттай Оюутолгой руу шууд орчихож байгаа харагдсан. АН-ын С.Эрдэнэ даргын хэлснээр бол Их хурлын гишүүд Оюутолгойд очихоороо гадаа нь бараг хүлээдэг, маш хатуу хаалттай үйлдвэр байдаг гэсэн. Гэтэл одоо зарим нэгэнд тусгайлан үүд хаалгаа нээж, хонож өнжүүлэн,  онцгой сайхан боломж олгох болсон нь анхаарал татна.


Хамгийн сүүлийн том сурталчилгаа болсон “Танайд хоноё” нэвтрүүлэг бүр ч сонирхол төрүүлэв. Гэхдээ инженжер залууг даган газрын гүн дэх уурхай хотод алхаж, дуу алдаж явсан Г.Алтантүрүү зарим зүйлийг даанч хол алгасаж, үнэнээс их хол, давчуу өрөөнд хонолоо.

Г.Алтантүрүү хаалтын хөтлөлтөө хийж байхад толгой дээр нь ёлтойх гэрлийг асааж байгаа цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг одоо болтол яагаад Хятадаас татаж байгаа талаар асуусангүй. Түүний хоносон уурхайгаас 20-д км зайд тог цахилгаангүй “Цагаан хад” гэдэг таг харанхуй Монголын нэг суурин байдгийг  тэр онцолсонгүй.  Өөрийхөө үгээр магтаж, камераар бидэнд харуулж биширсэн тэр агуу бүтээн байгуулалтын хажууханд эрчим хүчний шугамгүй, ямар ч хөгжилгүй сууринд машиндаа хонодог нүүрс тээврийн 5000 гаруй жолооч хар зам дээр хонож байгааг дурсан, санаа алдсангүй.

 

Манай Г.Алтантүрүү шөнөжин хамт уурхайд аялсан инженер залуугийн кэмп гэрт хонож байх яг тэр үүрээр Монгголын өмнөд хилийн “Ганц мод”-ны боомтоор нэгэн тусгай цуваа, тусгай замаар явж байсан. Битүүмжлэлтэй ачаатай тэр цуваа хилийн очерт 10 хоног гацсан урт цувааны хажуугаар ногоон гэрлээр Монголын хилээр гарч Хятадын тал руу ороод харанхуйд уусан бараа тасардаг. Тэр цувааг дагаж жоохон давхисан бол өнөөх уурхайгаас олборлож буй цул шижир баялаг ямар ч гааль хяналтгүй Монголоос гарч байгааг бидэнд харуулж болох байлаа. Уурхайн дотор ажиллах 3000 ажилчны цалин, таатай нөхцөлийн цаана манай асар их баялаг дэндүү хямд өртгөөр гарч байгааг гайхаж, шогширч болох байлаа.

 

Ерєнхий сайд С.Баяр "Монгол Улс ашигт малтмалаа ашиглаж чадаагvй өдөр бvртээ нэг сая доллар салхинд хийсгэж байна" гэж хэлсэн нь бий. Харин одоо шөнө бүр хэдэн сая долларын алт, зэс, хүдэр урагш гарч байгааг хэн ч мэдэхээ болиод удсан байна.

 

Хуучин засгийн сайд, гишүүн асан, аялагч сэтгүүлч болсон нөхөр мөн Оюутолгой дотроос сошиалд лайв хийн биднийг бишрүүлж, араас нь Г.Алтантүрүү уурхайд хонон байж Оюутолгойн бүтээн байгуулалт, түүн дээр Монгол ажилчид мундаг байгааг харуулсан. Туслан гүйцэтгэгч компаниудын монгол ажилчдаар пиг дүүрсэн Оюутолгойн далд уурхай манай баялгийг гаднын банкинд барьцаалсан 7 тэрбум долларын зээлээр босож байгааг тэд онцолсонгүй. Ийм дүнтэй зээлээр Монголын барьцаа, баялаг дээр босч байгаа бүтээн байгуулалтад 3000 орчим монгол залуу ажиллах тийм бахдам тоо, гайхамшигт үзүүлэлт мөн үү.

 

Г.Алтантүрүүгийн уурхайд хоносон эфир гарахаас гурав хоногийн өмнө Оюутолгойд ажилладаг хуурай дүү маань шөнө дөлөөр  утас цохиж “Солонгост ажилчин явуулах бүртгэлд оруулж өгөөч.  Таньдаг хүн байна уу... гэж асуусан юм. Яагаад тийм сайхан уурхайг орхиж, Солонгост хар ажилд явах гээд байгааг асуухад  “ Энд авч байгаа 850 мянга төгрөгийн цалин 4 ам бүл, өр лизингийн хаана ч хүрэхгүй байна аа, ах минь..” гэв. Мөн нэмж “манай туслан гүйцэтгэх компани Оюутолгойтой гэрээ нь дуусч байгаа юм шиг байна. Удахгүй дүү нь халагдах байх аа”  гэж учирласан юм.

 

Би Г.Алтантүрүүгийн үзүүлсэн Оюутолгой уурхайг газар доорх бүтээн байгуулалт талаас нь биширсэн, хамт дуу алдсан. Харин Оюутолгойд ажилладаг хэмээн бахархдаг дүүгийнхээ ирээдүйдээ зовнин, удахгүй “халагдах” түгшүүрийг бүүр ихээр мэдэрсэн. Учир нь ганцаараа 4 ам бүлээ тэжээдэг, байр машины лизингтэй тэр дүүгийндээ би зочилж, хонож үзсэн.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Алтантүрүүд авилга өгөөд сурталчлуулсан бол яаалаа гэж хөнжлөө үүрээд муухай царайлаад Ханбогдын автуусанд суугаад ТВ-ийн муу фургоноо бараадаж хот буцхав дээ. Хан Бумбатын аэродром хүргээд Боингод урдахнуур суулгаад буцаана биз. Нэврүүлэг хийе гээд ирэхээр нь хөөдөг тэнэг байхуу. Зоригтын хэдэн зурагнаас айдаг амьтад бас хөөрхийс юмаа.
2018-03-15
Энд 850 цалинтай нэгч хүн байхгүй. Туслан гүйцэтгэх ажил мөнгийг нь авсан гэрээт компаниуд мрнгол аргаараа замаас нь идэж уугаад тийм бага өгөө биз. Гэрээт ажлын гүйцтгэлээ хянахаас ажилчиддаа хэдийг өгч бгааг ОТ хянах үүрэгүйш дээ.Ажил дуусаад явах болхоороо тогоо уугаа нулимаад арилдаг зантайшдээ манайхан.
2018-03-15
Хардахын донтой эргүү хулгайч вэ тээ
2018-03-14
Oilgomjtoi zuiil. Ugasa ene hogiin reklam ni yvad bhleer ineed hureed bdin. Mglchuud bid nar huvia hicheesen uruvdultei humuus boljde. Tend ajilaad heden tsaas avch l bval uls oronii erh ashig tuich hamagui duugui ungurch chadah humuus
2018-03-14
Ene neeree arai hudlaa bichjee... ingej hudlaa yarij bolohgui sh dee ... jishee n togoo mongoloos avbal mongoliin zuun bys ter chigeeree toggui bolno sh dee... hervee manaihan uls tur hiihgui tsahilgaan stantsaa bairisan bol bas neg uur hereg ... bitgii hudlaa yari l daa
2018-03-14
отамин:
Пүрэвжавын Баярхүү /тоймч/ чи ингэж битүү хар даран байхаар санал хүсэлтээ тавиад өөрийн нүдээрээ харах л хэрэгтэй . би бол чиний эсрэг байр суурьтай байгаа хүн . очиж газар дээр нь бүүр амьдрал дунд нь очиж үзсэн хүн
2018-03-14
Хардахын донтой эргүү хулгайч вэ тээ
баяжуулах фабрик:
Эрдэнэт үйлдвэрт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 2жилийн ТМС тайгаа 37 жил ажиллаж байна.Үйлдвэрийн дамжлага яг ижилхэн уйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нэг.Реклам нь ихдэж байна уу? гэж харагддаг.Давсан ихэдсэн шорвог хоол болох бий дээ. эрдэнэт үйлдвэрийг монголчууд авч яваад зуун зуун дамжуулан эх орноо зах зээлийн хүнд байдлаас гарган энэ зэрэгтэй авч билээ.Үйлдвэр маань сайн нь муугаасаа хэд дахин илүү гэж бодогддог шүү.
2018-03-14
оюутолгой:
Асар их алт мөнгө зэс ямарч хяналтгүй гараад байгайг анхаарахгазар байнауу гааль чинь ажиллахгүй байнаа
2018-03-14
Тархи угаах ажиллагаанд оролцож буй хшүүхнүүд нь ОЮу толгойгоос авилгал авсан хүмүүсийн хамсаатнууд болох нь тодорхой болж байна. Эх орныг нь хулгайлсан хүмүүсийн гар хөл болж буй эдгээр хүүхнүүдэд хулгайя нарын нүгэл ирэх нь гарцаагүй.
2018-03-14