Дугуйн олон өдрийн уралдаанд Квиатковски түрүүлээ
2018-03-14

 

Михал Квиатковски Тиррэно-Адриатико уралдаанд түрүүллээ. Уралдааны сүүлийн өдөр Рохан Дэннис түрүүлсэн ч нийлбэр цагийн хүснэгтээр Польшийн дугуйч Квиатковски манлайллаа.

 

Уг өдөр эхлэхэд нийлбэр цагийн хүснэгтэд хугацаа бусдаасаа илүү байснаас гадна ганцаарчилсан цагтай уралдаанд Дамиано Карусогоос 3 секундын давуутай уралдаанд оролцсон юм. Улмаар Польшийн галт тэрэг Михал цаг тэмдэглэх өртөө бүрт гол өрсөлдөгчөөсөө илүү байж чадсан ба нийт 24 секундийн өмнө Карусогоос түрүүлж барианы шугмыг давлаа. Харин Жэрайнт Томас гуравдугаар байранд орсон юм.

 

“Би эцсийн үр дүнг үнэндээ мэдээгүй явж байсан. Ямар ч байсан түрүүлж чадлаа. Энэ л хамгийн чухал нь.  Гэхдээ маш их сандарлаа. Намайг халаалтаа хийж байхад бороо орж эхэлсэн. Энэ нь ямар нэг таагүй зүйл тохиолдохвий гэсэн болгоомжлол үүсгээд байсан. Тиймээс дугуйн даралтаа багасгаж уралдсан. Тэгээд маш болгоомжтой уралдах хэрэгтэй болсон. Гэхдээ санасандаа хүртлээ замаа дуусгаж чадлаа. Маш их баяртай байна” гэж Квиатковски сэтгүүлчдэд ярив.

 

Польш дугуйч 7 өдрийн уралдаанд 25 цаг 32 минут 56 секундийн амжилттай уралдаж аваргалсан бол талбайн эзэн Италийн дугуйч Дамиано Карусо 24 секунд алдаж хоёрдугаар байранд орсон. Харин Их Британий дугуйч Томас Жэрайнт 32 секунд алдаж гуравдугаар байранд орлоо.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин