УТАА ХААЧИВ? УУШГИНД ҮЛДСЭН!!!
2018-03-15

Утаагүй зуухнаас яндангүй байшин барих хүртлээ явсан бидний парадокс нэг сезон-оо дуусгалаа. Одоо хавар болж буй тул гал түймрийг дарахын тулд  утаагүй тамхи импортлох, түүнийгээ гаалийн татвараас чөлөөлөлөх тухай ярьж эхлэхэд ард түмэн цочихоо байтлаа гөлийжээ.

 

 

Сүүлийн зургаан жилийн дотор агаарын бохирдлыг бууруулахын тулд улсын төсвөөс 2011-2017 онд 97.7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнд 2008-2014 онд 49.6 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан тайлан мэдээ байна. Мөн гадаад улс орон, олон улсын байгууллагууд 2008-2016 онд долоон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, 60 орчим сая ам.долларын  зээл, тусламжийн хөрөнгийг бидэнд олгосон байвч утаа улаанбаатарчуудын уушгинд үлдсэн хэвээр. Хувийн хэвшилд өгчихсөн бол хэдэн таун хороолол босгох байсныг таашгүй.

 

Энэ жилийн төсөвт бууснаараа бол утаа маань 4.7 тэрбумын хаялгатай байж мэдэхээр байгаа. Ийнхүү хатуу хэлэхийн учир нь энэ өвөл утаа буураагүй, хор хөнөөл учруулах түвшин нь нэмэгдсэн байдалтай хаврыг харлаа.

 

Он дамжаад төлөвлөсөн дөрвөн тэрбум 900 сая төгрөгийн санхүүжилтийн 70 хувийг нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлөлт, зорилтот бүлэгт боловсруулсан түлш авахад зарцуулна гэж төсөв баригчид мэдээлсэн. Энэхүү цахилгааны шөнийн тариф хөнгөлөлтөөр утаа хүлээсэн үр дүнгээр буураагүйг бид харсан. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний шөнийн тарифын үнийн хөнгөлөлтөд  114 гаруй мянган өрх хамрагдаж, гурван тэрбум 363 сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлтийг эдэлсэн байх боловч цахилгаан халаагуур худалдаад авдаг орлоготой нь цөөн тул үр дүн багатай.  Их усанд атга шороо цацах шиг зардал мөнгө болсон гэдэг шүүмжлэлтэй байгаа.

 

Авлига завшилт, сонгуулийн амлалт нэвт шингэсэн  утаагаа бүрмөсөн арилгая гэвэл  9.8 их наяд төгрөг шаардлагатай гэж албаны хүмүүс мэдэгдэж байгаа юм. Утаанд мөнгийг тултал баталж болдог ба үүний тал нь өөр замаар орж, утаа болдог учраас мөнгө бол туйлын хөшүүрэг биш гэдэгтэй мэргэжилтнүүд санал нийлж байна.

 

Энгийн ухаанаар утаа гаргаж байгаа яндан цөөрөх буюу гэр хорооллын суурьшлын бүст өөрчлөлт хийснээр асуудал шийдэгдэх байтал утаагүй зуух шахсан  улстөрчдийн шийдвэр маш хүчтэй суртал ухуулгаар дэмжигдэн, зөв шийдэл болсоор ирэв. Энэ жилийн утааны сезоноор Ерөнхийлөгч Их хурлыг тараах аянаа эхлүүлэх шалтаг болгосон бол Засгийн газар ажилсаг харагдах гэж хичээсээр, эцэст нь түүхий нүүрсийг 2019 оноос тас хорих тогтоолыг гаргалаа. Энд утаагүй зуухнаас хорт утаагүй  тусгай түлш  шахах дэвшил гарсан гэж ойлгогдоно.

 

Яагаад түүхий нүүрс түлдэг вэ. Өмнө нь гаргаж туршсан шахмал түлш яагаад зах зээлдээ суурьшиж, явсангүй вэ гэдэг асуулт дараагийн ямар төсөл утааны эсрэг бодитой хэрэгжих вэ гэдэг асуултын хариу болно. Шахмал түлшийг түүхий нүүрстэй өрсөлдүүлж бус шууд шахахын тулд нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглох тогтоол баталлаа.  Гэвч үр дагавар яаж гарах тооцооллыг яг үнэндээ хууль тогтоомжоо баталсаны дараа хийж байгаад асуудал байна.

 

Ерөнхий сайд утааны эсрэг цацах мөнгөн дээр нэмэр болгож,  БНСУ-аас 500 сая ам.долларыг 30 жилийн хугацаатай зээлж ирсэн. Босгосон, төсөвт баталсан мөнгөө дахин агаарт цацаж утаанд хандивлахгүй байх ганц шийдэл бол орон сууцжуулах төслөө боловсронгуй хүртээлтэй уян хатан болгох. Ипотекийн зээл үндсэндээ мухардсан тул дараагийн орон сууцжуулах шинэ төсөл шийдлийг иргэд хүлээж байна.

 

Иргэдийн орлого, хэрэгцээ мөн сонирхолтой уялдуулж утааны эсрэг тэмцэхгүй бол үр дүн багатай, утаанд  мөнгө угаасан ажил болоод байгааг судлаачид зөвлөж байна. Нүүрсээ шахмал түлшээр солих уу, шавар байшингаа орон сууцаар солих уу гэсэн энгийн санал асуулгаас аль зам нь үр дүнд хүрэхийг харж болно.

 

Гадаадад хар ажилд зүтгэж буй  100 гаран мянган монголчуудын нийтлэг зорилго нь орон сууцтай болох. Тэд шахмал түлш авах мөнгө гэртээ илгээх гэж харьд очоогүй. Харин хөнгөлөлттэй нөхцөл, бага хүүтэй зээлээр орон сууц авахад бүх цалингаа зориулахад бэлэн байгаа.

 

Энэ жилийн утааны тал нь урьдын адил бидний уушгинд үлдсэн. Талыг нь хаврын салхи түр үлээлээ. Тайвшрах юм ерөөсөө алга даа, сайд нараа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Утаа гайгүй болсон энэ машинын утаа их байна өглөө өдөртөө дизель хөдөлгззртэй машин асаагаад орхиод бна
2021-01-29