Бүх одод Крис Бош сагсанбөмбөгт эргэн ирэх хүсэлтэй байна
2018-03-15

2016 оноос хойш талбайд гараагүй 11 удаагийн бүх одод тоглогч Крис Бош НБА-ын талбайдаа эргэн ирэх боломжийг хайж байна. Тэрбээр уушгинд цус хуралдах, цусны бүлэгнэл гэсэн шалтгаанаар сүүлийн 2 улиралд талбайд харагдаагүй.

 

 

“Би тогтмол бэлтгэл хийж байгаа. Багуудаас санал ирвэл үгүй гэх газаргүй. Дахин ирэх боломжийг хүлээж байна” гэж 3 сарын 24-нд 34 нас хүрэх Бош сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа. Мөн үүнээс гадна хэд хэдэн хүн түүнтэй холбогдож дахин тоглох талаар асуусан байна. Харин чухам ямар хүмүүс холбогдсон гэдгийг дурьдсангүй. Харин түүнийг авсан багт эрсдэлтэй эсэхийг асуухад “багуудын өөрсдийнх нь мэдлийн хэрэг” гэж хариулсан байна.

 

11 сард талбайд эргэн гарах боломжтой талаар цухас дурьдсанаас хойш албан ёсоор анх удаагаа НБА-д тоглох боломжийн талаар тайлбар өгсөн нь энэ байлаа. Түүнийг энэ плэй оффт тоглох хүсэлтэй байгааг, мөн плэй оффын багуудад тус болох сонирхолтой байгаа талаар НБА-ын хүрээний сэтгүүлч нар бичиж эхэлжээ.

 

2014-2015 оны улиралд 44 тоглолтод оролцсон Бош эмнэлгийн магадлагаагаар талбайд гарах боломжгүй болсон. Улмаар дараагийн улиралд нь талбайдаа эргэн гарсан боловч53 тоглолтод оролцсоныхоо дараа өвчин сэдэрсэн шалтгаанаар дахин талбайд гараагүй юм.

 

Мэргэжлийн замналынхаа 13 жилээс 7 жилийг Торонто Рэпторс багт өнгөрүүлж, 6 улирлыг Маиами Хит багтай үдсэн Бош нь замналынхаа турш 19.2 оноо, 8.5 самбараас бөмбөг авалт дунджилж 2 удаа НБА-ын аварга болж байжээ. Тэрбээр хамгийн сүүлд 2016 оны 2 сарын 9-нд Хитийн бүрэлдэхүүнд тоглосон юм.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин