Монголын жижиг дунд бизнесийг дэлхийн зах зээлд гаргана
2018-03-15

Мэдээлэл технологийн үндэсний парк (IT Park), Азийн Бизнесийн Холбоотой хамтран Монголын гарааны болон жижиг дунд бизнесүүдийг олон улсын зах зээлд гаргах мөн технологид суурилсан бүтээлч энтрепренёруудыг бэлтгэх зорилготой хамтран ажиллаж эхэлжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ талаар Мэдээлэл технологийн үндэсний паркын төслийн удирдлага сургалт маркетингийн хэлтсийн дарга Б.Баасандорж “Дэлхийн банкны 2017 онд гаргасан жагсаалтаар Азид бизнес эрхлэхэд хамгийн таатай таван улсаар Сингапур, Өмнөд Солонгос, Хонконг, Тайван, Малайз гэсэн орнууд орсон байдаг. Монголчууд бид олон улсад бизнэсээ эхлүүлэхдээ тухайн улсын бизнесийн таатай орчин нөхцөл байдлыг судлах, мэдээлэлтэй байх шаардлага байна. Иймд энэ сараас эхлэн хамтын ажиллагааны хүрээнд монголын технологит суурилсан экспортод бүтээгдэхүүнээ гаргах зорилгоор төслөө боловсруулсан компаниудыг олон улсын зах зээлд гарахад нь бэлтгэх “Хурц хур” хөтөлбөрийг зуны улиралд явуулна. Энэхүү хөтөлбөрийг төгсөөд гарсан компанийг ирэх есдүгээр сараас эхлэн Азийн орнуудад байршиж бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгдэх юм” гэв.

 

Төслийн хүрээнд дараах хамтарсан үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

 

Гарааны болон жижиг дунд бизнесүүдийг зүүн өмнөд Азийн зах зээлд зуучлах “Экспортын хурдасгуур хөтөлбөр”

 

МТҮП-н 3-р давхарт “Educated Space” хамтын оффис (Co-working space) байгуулж технологид суурилсан энтрепренёруудад хөнгөлттэй нөхцлөөр дэмжлэг үзүүлэх. Мөн хамтын оффист хувь хүний болон бизнесийн хөгжлийн төрөл бүрийн сургалт, арга хэмжээг 7 хоног бүр зохион байгуулах;

 

Сингапур, Малайз, Тайланд зэрэг зүүн өмнөд Азийн хөгжингүй улсуудын гарааны бизнесийн бойжуулалтын хурдасгуур болон инкубаторын хөтөлбөрт Монголын гарааны компаниуд болон олон улсын зах зээлд зориулсан төслүүдийг бойжуулах, байршуулах;

 

Монголын оюутан залууст энтрепренёр сэтгэлгээг төлөвшүүлэхбогино болон дунд хугацааны хөтөлбөрийг 2018 оны 3-р сараас эхлэн их сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх;

 

Шилдэг энтрепренёруудыг бэлтгэх урт хугацааны төслийн хүрээнд хийгдэж буй энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь Монголын мэдээллийн технологийн гарааны бизнесүүдийг  хөгжүүлэх, гарааны компанийн эко системийг төлөвшүүлэх болон мэдээллийн технологийг экспортийн тэргүүлэх чиглэлийн нэг болгоход томоохон алхам болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Shuud.mn
Сонин хачин