“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг өндрөө авч, баривчилгаагаар үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт “Жаст”-ын Ш.Батхүүг баривчилж, Алтжингийн Г.Алтанг хил дээрээс саатууллаа, Ерөнхий сайд асан С.Баяраас байцаалт авлаа гэх мэт мэдээлэл ээлж дараалан цацагдаж байв. Харин энэ дунд Д.Сугар гэх хүний нэр огт дурдагдсангүй. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга, “Эрдэнэт”-ийн баталгаан дээр гарын үсэг зурсан зэрэгт нэр холбогдоод буй Д.Сугарыг шалгаж буй гэх мэдээлэл огт гарсангүй. Нийслэлийн прокурорын газраас өгсөн тайлбарт ч Д.Сугарын нэр дурдагдсангүй.
Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар шалгагдаж буй хүмүүсийн талаар тайлбар өгөхдөө “Жаст компанийн захирал Ш.Батхүүг Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж, Стандарт банкнаас зээл авсан гэх хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 3.3.1 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорин шалгаж байна. Энэ хэрэгт тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг байцаасан. Мөн түүнийг оффшор бүсэд данстай гэх хэрэг болон Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргээр байцаалт авсан.
ТЭЦ-IV-ийн захирал С.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.2-т зааснаар нийтийн албан тушаалтан хээл хахуул авах хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна” гэв.
Товчхондоо “Эрдэнэт”-ийг тойрсон асуудал Жаст-ын Ш.Батхүү, ТЭЦ-IV-ийн захирал С.Анхбаяр нарыг саатуулан шалгаж байгаа, С.Баяраас байцаалт авсан үйл явцтай байна. Тэгвэл Д.Сугар яагаад сугарч үлдэв?! Түүнээс тайлбар, байцаалт авах шаардлага үүсээгүй юу эсвэл цаг нь болоогүй юу. “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан асуудал сөхөгдөж эхлэхтэй зэрэгцэн Д.Сугарын нэр холбогдож ирсэн. Гэвч одоогоор хуулийн байгууллага түүнээс хариу тайлбар аваагүй бололтой, прокуророос түүнийг дурссангүй.
Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа “Сугардаггүй” нэр аваад байсан Д.Сугар энэ удаа “сугарч үлддэг” нэр зүүж болзошгүй нь.
Б.Учрал