ЗӨРЧИЛ дэх ЦООРХОЙ-г засъя
2018-03-19

Хууль  төрсний дараа 

 

Зөрчлийн хууль хэрэгжээд нэг жил ч хүрэлгүй хуулийн байгууллагынхны болон иргэдийн шүүмжлэлтэй туллаа.  Учир нь энэ хууль иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд илүүтэй хэрэглэгддэг. Тиймээс л  зөрчил гаргасан иргэд хуулиа судлаагүй, мэдлэг багатайгаас асуудалд өртөөд байна гэвэл өрөөсгөл. Хэдийгээр  судлаагүй ч зөрчил гаргасан тохиолдолд хуулийн дагуу хүлээх хариуцлага “давхардаж”, хуулийг хэрэгжүүлэгчдийн ажлын ачаалал ч нэмэгдсэн байна.

 

Хуулинд “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох; баривчлах; эрх хасах шийтгэл оногдуулна. Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна” гэж заасан. Ингэхдээ торгуулийн хэмжээ 10-20. 000 нэгж  буюу 10 мянгаас 20 сая, хуулийн этгээд 100-200 мянган нэгж буюу 100 мянгаас 200 сая төгрөг байна. Гэхдээ одоогийн байдлаар хамгийн өндөр торгууль хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөг байгаа. Ийм хэмжээний өндөр торгуулийг банк, ашигт малтмал, газрын тос зэрэг салбарт гарсан зарим зөрчилд тавьж байгаа аж.  Мөн зөрчил үйлдсэн хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилах заалттай. Цаашлаад зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ. Харин хэрэг хөөн хэлэлцэх хугацаа торгуулийн хэмжээнээс хамаарч 6 сараас 2 жил хүртэл байхаар хуульчилсан.

 

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн найман сарын хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээс 370 мянга гаруй гомдол мэдээлэл иржээ. Үүнээс 15 мянга орчим гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан бол 6900 орчим өргөдөлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулсан байна. Хэрэг бүртгэлт хийх шаардлагагүй 340 мянга орчим зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

 

Уг нь хууль хэрэгжиж эхэлснээр зарим төрлийн, тэр дундаа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурч,  улс, орон нутгийн төсөвт багагүй орлого төвлөрүүлж байна.  Харин Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр улсын байцаагчид болон шүүх, прокурорынхны ажлын ачаалал эрс нэмэгдсэн аж. Тухайлбал нэг улсын байцаагчид дунджаар 30 зөрчил ногдддог байсан бол одоо 130 орчим зөрчил ногдох болжээ. Цагдаагийн ажилтнууд өмнө нь сард 10-15 хэрэг шалгадаг байж. Гэтэл уг хууль хэрэгжсэнээр сард 110-135 хэрэг бүртгэлтийн хэрэг, 20-25 иргэний гомдол мэдээллийг шалгах болжээ. Түүнчлэн шүүхийн байр болон прокурорын тоог нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа гэнэ.  Ард иргэдийн эдийн засагт багагүй дарамт учруулж байна гэсэн гомдол саналыг иргэдийн зүгээс тавьдаг

 

Тухайлбал, Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар осол гаргасан тохиолдолд Даатгалын байгууллага болон Замын цагдаагийн газарт зэрэг дуудлага өгдөг. Дуудлага мэдээллийн дагуу ирсэн цагдаа нэгэнт зөрчил бүртгэсэн болохоор торгох арга хэмжээ заавал авдаг. Энэ нь буруутай хэмээн тогтоогдсон жолоочид эдийн засгийн дарамт үүсгэдэг. Нөгөө талаар цагдаагийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний нормативаар 350 тээврийн хэрэгсэл тутамд нэг цагдаа ажиллах ёстой гэнэ. Харин өнөөдөр амьдрал дээр 1000 тээврийн хэрэгсэл тутамд 1 цагдаа оногдож байгаа аж. Бусад орнуудын жишгийг харахад, хүн бэртээгүй л бол Даатгалын компани болон жолооч нар хоорондоо асуудлаа шийддэг байна. Тиймээс зам тээврийн ослын улмаас бага хэмжээний буюу 300 мянган төгрөг хүртэлх хохирол учирсан, гуравдагч этгээдэд ямар нэгэн хохирол учраагүй, холбогдогч жолооч нар бичиг баримт бүрэн, согтуурсан, мансуурсан байдалтай бус, даатгалын гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй, хоорондоо харилцан тохирсон тохиолдолд заавал цагдаагийн байгууллагаас тодорхойлолт шаардахгүй байх нөхцөлийг Жолоочийн даатгалын тухай хууль, тогтоомжид тодорхой зааж тусгах ажлыг зохион байгуулах тухай саналыг гаргаад байгаа аж.

 

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэгчид ихэвчлэн өөрийнхөө гэрт архидан согтуурсан үедээ бусдыг зодож цохилгүйгээр хэрүүл маргаан үүсгэх, орилж хашгиран бусдын амгалан тайван байдлыг  алдагдуулж байдаг. Энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн танхайрсан гэх зүйлээр хариуцлага тооцоход эдгээр үйлдлийг хуульчлаагүй тул гэм буруутай этгээдэд шийтгэл оногдуулах боломжгүй, эрхзүйн хийдэл гарсан байна. Учир нь танхайрсан гэх зүйл заалт нь олон нийтийн газарт үйлдэгдсэн тохиолдолд хэрэгждэг аж. Тиймээс энэ заалтад хуулийн зохицуулалт хийх шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

 

Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй хулгайн хэрэг шийдэгдэх заалттай. Нийт хулгайчдын 46 хувь нь оршин суух тодорхой хаяггүй хүмүүс байдаг. Тиймээс энэ заалт нь  хулгайчдыг өөгшүүлж байгааг  хуулийнхан ч, иргэд ч шүүмжилж байгаа юм. Уг хуулийнд анх удаа хулгай хийж байгаа бол баривчлах, давтан үйлдэж байгаа бол Эрүүгийн хуулиар шийтгэдэг байх шаардлагатай гэж өөрчлөхийг албаны хүмүүс санал болгож байна.

 

 Ирэх хаврын чуулганаар Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж, цоорхойг нь засч, залруулахад хууль тогтоогчид санаачлагатай ажиллах  биз.

 

Эс бөгөөс иргэдэд эдийн засгийн дарамт нэмэгдэж, хуулийнхны ачаалал улам нэмэгдсээр байх нь.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ЦАГААЧДАА ЯЛИХ ЯЛИХГҮЙ ШАЛТГААНААР ХӨӨЖ ГАРГАХ ГЭСЭН БАРУУНЫ ОРНУУДЫН ХУУЛИЙГ МОНГОЛ НУТАГТ ТУЛГАН ХЭРЭГЛЭХ НЬ ХИР ОНОВЧТОЙ ЮМ БОЛДОО. ГЭР БҮЛИЙН ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ГЭР БҮЛИЙН 2 БИЕ БИЕНЭЭ МӨРДӨЖ БОЛОХГҮЙ,ЭМЭГТЭЙ ХҮНИЙ БИЕРҮҮ ХАРЖ БОЛОХГҮЙ,ХҮҮХДЭЭ УЙЛУУЖ БОЛОХГҮЙ ч гэх шиг....хачин хачин заалтууд байгаа гэсэн шүү
2018-03-20
СОЛОНГОС ЯВАХ ЧАДВАРГҮЙ ХЭДЭН ЭРЧҮҮДЭЭРЭЭ ТУГ ТАХИХ ЮМ ДАА
2018-03-19