“TEDx” залуучуудын чуулганыг дэмжиж ажиллалаа
2018-03-19

 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр  TEDx  чуулганыг Ted.com Төрийн бус байгууллага, TEDxYouth MRJS клуб хамтран 300 гаруй залуучуудын оролцоотойгоор 2018 оны 03-р сарын 17-ны өдөр Улаанбаатар чуулгын Үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

 

TEDx чуулганаар нийгэмд өөрийн үзэл бодлоороо эерэг өөрчлөлт авчрахыг хүсдэг 7 илтгэгч амьдралын үнэт зүйл, туршлага, үзэл бодлоо хуваалцсан юм. Тухайлбал “Оюуны чадвар хүний хөгжил төв”-ийн захирал Г.Мөнгөн, “Мөрөөдөлд хүрэх зам” ТББ-ын тэргүүн Э.Дөлгөөн, НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн ажилтан Наталие бай, Монтгомери Фитч олон улсын маркетингийн компаний ерөнхий захирал Луйс Аркангель, “Сэтгэл судлалын үндэсний төв” ТББ-ын ерөнхий захирал Б.Ууганцэцэг, жүжигчин Б.Анхбаяр,  “Маяара” үндэсний брендийг үүсгэн байгуулагч, захирал Э.Азжаргал, нарын 7 хүн илтгэл тавилаа.

 

Чуулганыг нээж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “TEDx  чуулган бол үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх үзэл санаан дор дэлхийн шилдэг бүтээгчид, технологи, энтертайнмент, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, эрүүл мэнд, урлаг зэрэг төрөл бүрийн салбарын ололт амжилтын туршлагаа хуваалцах, шинэлэг санаануудыг түгээх зорилгоор зохион байгуулагддаг. Энэхүү үйл ажиллагаа улс төр, шашны хамааралгүй, хараат бус бөгөөд гагцхүү залууст тулгамдаж буй нийтлэг асуудалд шийдэл санал болгох, танигдаагүй үнэ цэнийг илрүүлэх, өөрчлөлт бий болгох зорилготой юм. Манай залуучууд, түүний дотор өсвөр үеийн сурагчид эвлэлдэн нэгдэж энэхүү уулзалтыг хамтдаа зохион байгуулж байгаад баяртай байна. Үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээлээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин