Соёолонгийн тоосонд дарагдаж, хийморио сэргээдэг сайхан уламжлалтай, манай монголчууд. Тоосонд хэдий чинээ сайн дарагдана, төдий чинээ хийморь нь сэргээд л явчихна. Харин шөнийн уралдааны тоосонд хийморио сэргээж байсан түүх үгүй. “Дүнжингарав-2018” уралдаанаар л үзээгүй зүйлээ үзэж, шөнөөр болсон соёолонгийн уралдаанд хийморио сэргээж үзлээ, Баянталд очсон монголчуудын ёндоо энэ жилдээ л босоо байна биз.
Монголын морин спорт, уяачдын холбоо тоосонд даруулж, хийморио сэргээгчдэд зориулсан том сюрпризээ “Дүнжингарав-2018”-ын үеэр дэлгэв. Тэр нь соёолонгийн шөнийн уралдааны тоосонд дарагдах байв. Үзээгүй зүйлээ үзсэн монголчууд гайхаж, сонин сюрприз байсныг шагшиж байна. Амьд явахад хүн ихийг үздэг аж. Үнэндээ хурдан морины уралдаанд хэдэн нас уралдсан, хэн гуайн морь түрүүлсэн нь маньд падгүй. Харин тоосонд хэрхэн дарагдах нь бол бидэнд хамаатай. Одоо бүр шөнийн тоосонд хэрхэн дарагдах талаар бодох зүйлтэй боллоо.
Мөн уяачид ч хийх ажилтай болов. Тэр нь шөнийн уралдаанд сойсон морио, унасан хүүхдээ хайх. Талаар нэг “Шараа, Шараа, Гавжийн Шараа” хэмээн орилж, морь хүүхдээ хайх үнэндээ бол тоглоом биш шоглоом. Унаач хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбогдоод ирэнгүүт хурдан морины уралдаан бол монголчуудын эртний уламжлал бараг л зайлшгүй байх ёстой ёс заншил хэмээн тархи угаадаг. Харин тэр ёс заншил, уламжлалаа шөнийн уралдаанаар баяжуулж чадлаа, манай Монголын морин спорт, уяачдын холбооныхон. Геннист бүртгүүлэхээр гүйж явбал гайхах зүйлгүй.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Дүнжингарав-2018” уралдаан шөнийн 21 цаг хүртэл үргэлжилжээ. Энэ уралдааны үеэр 9 хүүхэд мориноосоо унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдэж. Хурдан морийг 10-13 насны хүүхдүүд унасан байна. Засгийн газраас гаргасан шийдвэрээр бол 14-өөс доош насны хүүхдээр тавдугаар сарын нэгэн хүртэл хурдан морь унуулахыг хориглосон. Уяачид нь наадаж, наргиж цэнгэж л байвал хүүхдийн амь нас, Засгийн газрын шийдвэр падгүй нь удаа дараагийн уралдаанаас харагдлаа.
Цагдаагийн байгууллага хүсэлтийн дагуу хэв журмыг сахиулснаа хэлж байна. Мэдээж, албан үүргээ гүйцэтгэсэн. Харин зохион байгуулалтыг, хариуцлагыг Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлага үүрэх ёстой. Шөнийн 21 цаг хүртэл морь уралдуулж, зах замбараагүй байдал үүсгэсэн, Засгийн газрын шийдвэрийг үл тоож, хүүхэд бэртэхэд хүргэсэн зэргээр тэднээс хариуцлага нэхэх олон шалтгаан байна.
Монгол морины уралдаан ямар үнэ цэнэтэй байсныг “Тод магнай” киноноос харж болно. Харин өдгөө бол монгол морины уралдаан ямар ч үнэ цэнэгүй, бэл бэнчингээ гайхуулах гэсэн хэдхэн уяачдын зугаа цэнгэл болсон. Өндөлзөн үздэг байсан хурдан морины уралдаан үр хүүхэд эсэн мэнд ирээсэй гэж өмөлзүүлдэг зугаацал болсон нь юутай харамсалтай.
Б.Учрал