Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохгүй
2018-03-20

“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг байгууллага хамтран энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү чуулга уулзалтыг 2009 онд анх зохион байгуулсан бөгөөд арав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын хүрээнд:

 

  • Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг

 

  • Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт

 

  • “Хайгуулчин” сэтгүүл

 

  • Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн

 

  • “Алдарт геологч” шалгаруулах

 

  • “Зураглалын шилдэг баг” шалгаруулах

 

  • “Хайгуулын шилдэг баг” шалгаруулах

 

  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурал

 

  • “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн

 

  • “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн

 

  • Мэргэшүүлэх сургалт

 

  • “Цэцээ гүн” спорт, гео-аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 онд 7 ширхэг сонгон шалгаруулалт зарлаж, 26 тусгай зөвшөөрөл 11.5 сая га талбайд олгожээ. Улсын хэмжээнд нийт хайгуулын 1715 тусгай зөвшөөрөл ашиглалтын 1330 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон байна. Тусгай зөвшөөрлөөр Улсын төсөвт 2017 онд нийт 41 тэрбум орчин төгрөг төвлөрүүлжээ.

 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон тендер гэсэн хоёр янзаар олгодог байсан бол 2017 оны арваннэгдүгээр сарын өөрчлөлтөөр өргөдлийн журмаар олгохыг зогсоосон. Тиймээс цаашид тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохгүй болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

 

Өнөөдрийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газартай холбоотой 170 гаруй гомдол, хэрэг шүүхэд бүртгэлтэй байна. Өнгөрсөн онд 170 нэхэмжлэлийг хүлээн авч шүүхэд хариу тайлбарыг бичиж, шүүх хуралдаанд оролцжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин