Чуулганы завсарлагааны үеэрх ДУУЛИАН
2018-03-20

 

Намрын чуулганы завсарлагаан өндөрлөх тийшээ хандаж, хаврын чуулган 10 гаруйхан хоногийн дараа нээлтээ хийнэ.  УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаар  дуулиантайхан гадаалж байна. 

 

Сар шинэтэй зэрэгцэн завсарласан намрын чуулганы дараагаар гишүүд тойргоо зорьж, ахмад настан, амьжиргааны түвшин доогуур иргэдэд гурил, будаа тарааж, сонгогчдодоо гарын бэлэг түгээж “улаан загалмай”-н ажлыг гүйцэтгэсэн.  Бодвол, намрын чуулганы хугацаанд хэрхэн хичээж ажилласан, төсвийн хуулийг батлахад тойргийн нутаг дэвсгэрээ хөгжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнүүлэхээр наанадаж л асуудал үүсгээд байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, дээврийг засварлахад шаардагдах мөнгийг “эрийн сайндаа” зүтгэн  тусгуулснаа  гишүүд сурталчилахаа мартахгүй.  Гэхдээ тухайн орон нутагт  баригдах барилга, засварын зардлын санхүүжилтэд  өөрсдийнхөө  хувийн бизнес, хөрөнгөнөөс сохор зоос ч гаргалгүй, зөвхөн улсын төсвөөс, тодруулбал татвар төлөгчдийн мөнгөнөөс эргээд өөрсдөд нь зарцуулж байгааг өнөөдөр сонгогчид ялгаж салгахтайгаа болсон.    Тойрогтоо ажиллаж, бие эмчлүүлж, хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гишүүд ч яах вэ, ажлаа хийж яваа эрхмүүд.  Үүний зэрэгцээ зарим гишүүдийн тарьсан балаг шийдэгдэлгүй үргэлжилж, дараагийн сенсаци ч нийгмийн бухимдлыг төрүүлж байна.

 

Шөнөөр морь уралдуулах зөвшөөрлийг хэн өгсөн бэ, УИХ-ын дарга, ММСУХ-ны тэргүүн ээ

 

Өнгөрсөн амралтын өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт харанхуй шөнөөр зохион байгуулсан “Дүнжингарав” өвлийн морин уралдаанд 16 хүүхэд мориноосоо унаж, гурвынх биеийн байдал маш хүнд, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа тухай  зүрх шимшрүүлсэн мэдээ  шинэ долоо хоногийн ажлын эхний өдөртэй зэрэгцэн түглээ.  Өвлийн морин уралдаанд 12 хүртэл насны хүүхдийг оролцуулахгүй байх Засгийн газрын захирамж гарсан. Шөнөөр зохион байгуулагдсан уралдаанд Засгийн газрын захирамжийг зөрчиж, 12 настай хүүхдийг оролцуулсан.

 

Хууль  тогтоох дээд байгууллагын тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбоог тэргүүлдэг.  Шөнийн “Дүнжингарав”-ын уралдааныг  Засгийн газрын шийдвэр зөрчиж явуулсан ч,  холбооны тэргүүнийхээ зөвшөөрлийг авсан байж таарна.  Тэгээд ч энэ уралдаанд  УИХ-ын дарга М.Энхболдын хүү, Алдарч уяач Э.Анар морио уралдуулсныг үндэсний олон нийтийн мэдээллийн сайт mnb.mn мэдээлсэн. Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар  Э.Анар Сар шинийн босгон дээр  Алдарч уяач цол хүртсэн юм.

 

Тэрбээр хүү Э.Анарыгаа моринд дуртай болгон эрхлүүлэх эсэх нь түүний асуудал. Харин УИХ-ын даргын  хүүгийнх нь зугаа цэнгэлийн золиосонд  ардын хүүхдийн  хохирох ёсгүй. Таны хүүхдийн эрх ч бусдын хүүхдийн эрхээр хязгаарлагдана.

 

 Нэгэнтээ хурдан морины уралдааныг шөнө дөлөөр зохион байгуулахгүй гэх хуулинд бичигдээгүй цоорхойг “томчууд“ ашиглан, хүүхэд, морь хоёрыг шөнийн харанхуй хийгээд  сүүлийн үеийн загварын хурдан “хүлэг”-гийнхээ тоосон дунд давхиулан цэнгэсэн  харуусмаар,  эмгэнэлтэй  энэ дүр зураг өнөөдрийн нийгмийн ердийн үзэгдэл байж болохгүй.  

 

Нэгэнтээ шөнөөр морь уралдуулахыг хориглосон заалт байхгүй гээд УИХ-ын дарга, ММСУХ-ны тэргүүн хариуцлагаас мултарч болох ч,  эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийг хэн хамгаалж, өмгөөлөх вэ?

 

Шалгагдаж дуусаагүй хэрэг

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж, хуулийн байгууллагаас түүний яллагдагчаар татах дээрээ тулаад байгаа. Гэхдээ эрхэм гишүүн Д.Гантулгыг дуудсан цагт ирэхгүй ямар нэг шалтаг, шалтгаан хэлж, байцаалтаас “бултаж” байгааг хуулийн байгууллагынхан мэдэгдсэн.  Тиймээс Д.Гантулгын УИХ-ын гишүүн байх бүрэн эрх дээсэн дөрөөн дээр ирж, эгүүлэн татах асуудал сөхөгдөж байгаа ч  эрх баригч хүчин МАН энэ асуудалд  хуулийн байгууллагын нэрийг өмнөө барих хаалт хийж,  амаа жимийцгээж байгаа.  Энэ хэрэг хэр сунжирч, хэрхэн шийдэгдэх нь  хууль, шүүхийн байгууллага гэхээсээ улс төрийн   тохирооноос хамаарна.   Үргэлжлээд УИХ-ын гишүүн Д.Мурат бусдад бэлгийн дарамт үзүүлсэн асуудлаар мөн хэрэгт холбогдоод байгаа.  

 

Чуулганы завсарлагааны хугацаанд холбогдох асуудал нь тодорхойгүй ч Ш.Раднаасэдийг  УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах асуудал сөхөгдсөн. Харин энэ удаад МАН-ын Хуульзүйн газрын дарга Р.Саруул “Ш.Раднаасэдийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал яригдаагүй” гэдэг албаны тайлбарыг хэвлэлд өглөө.

 

МАН дахь фракцын үргэлжлэл  "Шинэ дэвшилтэт холбоо"

 

Эрх баригч хүчин МАН дотроо ямар нэг фракц бүлэглэлгүй гэж байнга үгүйсэгдэгч намдаа төдийгүй УИХ дахь бүлэг дээрээ ч талцал, хуваагдалтай хэвээр байгаа.  Хэдийгээр оны өмнөхөн их хурлаа хийж, шинэ даргаа сонгосон ч нэг санаа, нэгдмэл зорилгын дээрээ талцал үргэлжилсэн хэвээр байгаа. Тиймээс ч эрх баригч хүчний намын даргын тэргүүлсэн Засгийн газрыг энэ хаврын чуулганаар огцруулна гэх яриа намрын сэрүүн унаагүй байхад  түгсэн.  Хаврын завсарлагааны энэ өдрүүдэд  УИХ дахь МАН-ын бүлгийн Авлигын эсрэг бүлгийн нэр бүхий гишүүд бодлогоо тэлж, МАН-ын “Дэвшилтэт холбоо”-г байгуулснаа зарлалаа. “Дэвшилтэт холбоо”-нд  УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн нэгджээ. Тэд авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллах юм билээ.  

 

Ер нь хаврын чуулгантай зэрэгцээд эрх баригчдаас  амлалтыг  нь нэхэж, шаардахаа сөрөг хүчин, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд мэдэгдээд байгаа билээ. Хаврын улстөр ч ширүүхэн эхлэх төлөвтэй.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
oroitloo geed horiglvol nuguu uyachid ni dairaad zodoon boloh baisan
2018-03-21
зочин:
Тэгэлгүй яахав дундад зууны бурангуй байдлаар амьдрагч бидэнд юун тэр өндөр ёс зүй
2018-03-20
bi:
ENKHBOLD GUAi odoo ajlaa ogood morio taabaaraa uya morio taabaaraa uya
2018-03-20
Зочин:
Дандаа захиалгат хүний ул шагайсан бичвэр уншсаар байгаад залхлаа. Юм бичдэг нөхдүүд арай өөр улс эх орныхоо хөгжлийн төлөө гэсэн сэтгэлээр ганц өгүүлбэр бичихгүй юм.
2018-03-20
зочин:
Тэгэлгүй яахав дундад зууны бурангуй байдлаар амьдрагч бидэнд юун тэр өндөр ёс зүй
ard:
odoo bolimoor yum umhii luivarchidaa.odoo jaahan uls oron ard tumnee bodmoor yum.ingej udval ard tumen shiidemgii alham hiine shuu lalruudaa
2018-03-20