“Дүнжингарав” наадам хууль бус гэдгийг шүүх нотолсон
2018-03-21

“Дүнжингарав-2018” хаврын бүсийн хурдан морины уралдаан энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон. Уг наадмын зохион байгуулалт муу байснаас шалтгаалан соёолонгийн уралдаан харанхуйд болж, улмаар унаач хүүхдүүд бэртэж, гэмтсэн зэрэг олон маргаан дагуулсан. Үүнд хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд нэгдэн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлэээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөдөлмөрийн сайдын тушаалаар 2016 онд насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхгүй байх ажлын байрын жагсаалтыг гаргасан байдаг. Энэ жагсаалтад өвөл, хаврын морин уралдаанд, насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглоно гэсэн заалтыг оруулсан. Гэвч 2016-2018 онуудад  “Дүнжингарав” уралдаан зохион байгуулагдаж, хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж буйгаа төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлж байна.

 

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа “Өнгөрсөн 2017 онд Дүнжигарав уралдаан зохион байгуулагдах товыг Засгийн газраас тогтооход долоон ТББ байгууллага нэгдэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Засгийн газраас гаргасан тогтоол бүхий тов нь  хууль зөрчсөн эсхэийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс эцсийн байдлаар шалгаж тогтоох хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэвч хоёр хоногийн дараа Дүнжингарав зохион байгуулагдаж, шүүхийн шийдвэрийг зөрчсөн. 2017 оны есдүгээр сард анхан шатны шүүхээс “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах тухай жил бүр  Засгийн газраас гаргадаг тогтоол нь хууль бус гэдгийг тогтоосон” гэв.

 

Энэ удаагийн “Дүнжингарав-2018” наадам нь хүүхдийн эрхийг  ноцтой зөрчсөн гэдгийг төрийн бус байгууллагууд  санал нэгтэй дүгнэжээ. Энэ талаар  “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Энэ удаагийн “Дүнжингарав” наадам Монгол уламжлалыг уландаа гишгэсэн, морийг дээдэлдэг уламжлалыг үгүй хийх гэсэн үйлдэл байлаа. Монгол хүүхдийн амь насыг дэнчинд тавьж харанхуйд хийдэг уралдааныг монгол өв уламжлал гэж бид бодохгүй байна. ММСУХ Засгийн газрыг лоббидож энэхүү уралдааныг хийсэн. Иймд бид хариуцлага нэхэж байна. Хурдан морийг 12 наснаас дээш хүүхэд унаж уралдаж болно гэсэн тогтоол гаргасан Энхтүвшин, Хүрэлсүх нараас бид хариуцлага нэхэж байна. Мөн наадмыг маш замбараагүй зохион байгуулж, улмаар нэг хүүхэд ГССҮТ-д тархины хагалгаанд ороход хүргэсэн ММСУХ-той хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв.

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хурдан морины уралдааны үеэр 2017 онд 50 гаруй хүүхэд  унаж, бэртжээ. Үүнээс 16 хүүхэд хүнд гэмтэл авч, нэг хүүхэд амь нас эрсэджээ. Харин 2018 онд 16 хүүхэд мориноос унасан, гурав нь хүндэвтэр гэмтэл аваад байна. Хурдан морь унаач хүхүдүүд жил бүр бэртэл гэмтэл авсан ч боловсролын үйл ажиллагаанаас хоцорч буй тул бүх төрлийн хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглохыг Засгийн газраас шаардаж буйгаа төрийн бус байгууллагынхан хэлж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шүүх нотолсон юм бол хэрэгтэнд нь хариуцлага хүлээлгэ.Аливаа юм эзэнтэй л байдаг шүү.Харж байя.Хохирсон хүүхдүүдэд хэрхэн хандах бол.
2018-03-21