Сарын шилдэг тамирчид цомоо гардан авлаа
2018-03-21

 

Өнгөрөгч оноос эхлэн Монголын Үндэсний Олимпийн Хорооноос сар бүрийн шилдэг тамирчинг тодруулан алдаршуулж байгаа билээ. Тухайн сард онцгой амжилт гаргасан тамирчинд очдог сарын шилдэг тамирчны цомыг шалгаруулахын тулд нэг сарын хугацаанд санал асуулга явуулдаг. 2018 оны эхний сарын шилдгийг шалгаруулах санал асуулга 2-р сарын турш явагдаж тодорсон. Улмаар 1-р сарын шилдэг тамирчнаар усанд сэлэлтийн УАШТ-нд амжилттай оролцож 9 алтан медаль хүртэхдээ 5-д нь улсын дээд амжилт, рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн тодорсон байна. Дашрамд дурьдахад нэгдүгээр сарын шилдэг тамирчин Б.Энххүслэн нь одоогийн байдлаар усанд сэлэлтийн спортын 16 зайд Монгол улсын дээд амжилтыг өөрийн нэр дээр данслуулан эзэмшиж байгаа тамирчин ажээ.

 

 

Тэгвэл 2-р сарын шилдэг тамирчны шалгаруулалт 3 сарын 9-16 өдрүүдэд үргэлжилсэн байна. Хоёрдугаар сард Индонезийн Жакарта хотод явагдсан Азийн Наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож аваргын алтан медалийг таэквондогийн спортоор хүртсэн ОУХМ П.Тэмүүжин тус сарын шилдэг тамирчин боллоо. Тэрбээр 2016 оны РИО-2016 зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, түүхэн дэх анхны ялалтыг байгуулж байсан нэгэн юм.

 

Тус хоёр тамирчны шагнал, цомыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзах үеэрээ гардуулан өгч улам их амжилт хүслээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин