Марк Зукерберг: Хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан гэдэг нь худлаа
2018-03-22

Хэрэглэгчийнхээ мэдээллийг задруулсан “Фэйсбүүк” компанийн хувьцаа хэдхэн өдрийн дотор 12 хувиар унаж, тус компани хүндхэн байдалтай нүүр тулаад буй юм.

 

 

"Фэйсбүүк" компани АНУ-ын 50 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг Их Британид төвтэй “Кэмбриж Аналитик” компанид задруулсан хэмээн буруутгаж байна.

 

“Кэмбриж Аналитик” компани олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг хүссэн  бизнес эрхлэгчид болон улс төрчдөд зориулсан үйлчилгээ явуулдаг бөгөөд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхантай хамтарч ажилласан байна.

 

“Фэйсбүүк” уг хэргийг мэдсээр байж, хэрэглэгчдээсээ үнэн бодит мэдээллийг нууцалж байсан нь олны дургүйцлийг хүргэсэн билээ.

 

Дээрх дуулианы дараахан Марк Зукербергийг АНУ, Их Британийн хуулийнхан ирж мэдүүлэг өгөхийг шаардсан юм.

 

Тэрбээр долоо хоног хаана байгаа нь тодорхойгүй байсан бөгөөд өчигдөр л өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ.

 

Зукерберг нийгмийн сүлжээндээ “Манай байгууллага хэрэглэгчийнхээ мэдээллийг бусдад дамжуулсан эсвэл алдсан гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан гэдэг нь худлаа. Би хэрэглэгчийнхээ мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Хамгаалж чадаагүй бол би энд байх шаардлагагүй” хэмээн бичжээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин