Сүрьеэгээр хүүхэд өвчлөх тохиолдол нэмэгджээ
2018-03-23

Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг угтан Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ, ДЭМБ зэрэг байгууллагаас мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог.  Сүүлийн жилүүдэд манай улсад бага насны хүүхдүүд сүрьеэгээр өвчлөх тохиолдол ихэсчээ. Сүрьеэгээр өвчлөгсдийн 10 гаруй хувийг насанд хүрээгүй буюу хүүхдүүд эзэлж байгааг мэргэжилтнүүд танилцууллаа. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 200.000 орчим хүүхэд эндэж байна.

 

Дэлхийн хэмжээнд эмэнд тэсвэртэй сүрьеэ анхаарал татах болжээ. ДЭМБ тооцоолсноор дэлхийн хэмжээнд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр 600 мянга орчим хүн өвчилсөн байна. Үүний 47 хувь нь Энэтхэг, БНХАУ, ОХУ-д бүртгэгдсэн аж. Сүрьеэ өвчинд ууж хэрэглэдэг эмээ таслан зогсоосноор эмэнд тэсвэртэй сүрьеэ ихсэх хандлагатай байгаа юм байна. Сүрьеэгээр өвчилсөн хүн урт хугацаанд буюу 6 сараас 2 жил хүртэл хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болог. Үүнээс улбаалан өвчлөгсөд эмчилгээнээсээ залхдаг, орхидог нь сүрьеэ өвчнийг улам даамжруулж байгаа аж. Эмчилгээнд бүрэн дүүрэн хамрагдаж чадвал сүрьеэ өвчин 100 хувь бүрэн эдгэрэх боломжтой юм.

 

Засгийн газрын тогтоол, Глобал сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн эмийг иргэн 100 хувь үнэгүй авч болох нөхцөл бүрдсэн. Сүрьеэтэй ядуурал, тэгш бус байдал маш их холбоотой гэдэг Сүрьеэг устгахын тулд Засгийн газар болон иргэн, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллавал 2030 он гэхэд сүрьеэг устгах зорилтод хүрэх боломжтой гэж иргэний нийгмийн байгууллагууд үзжээ.

 

НҮБ-ын ерөнхий ассемблаар  2018 оны есдүгээр сард  анх удаа дэлхийн хэмжээнд сүрьеэгийн асуудлыг өндөр түвшинд хэлэлцэхээр болжээ. зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийг оролцох байх гэж найдаж буйгаа холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хэлэв.

 

Сүрьеэгийн нянгаас болж гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушгины сүрьеэгээр өвчилсөн байна. Учир нь сүрьеэ өвчин голдуу амьсгалын замаар халдварладаг.

 

Сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд

 

Тэжээл багатай чанаргүй хооллолт

 

Архи хэтрүүлэн хэрэглэх

 

Тамхи татах

 

Чихрийн шижин

 

Шимэгч хорхойн халдвар

 

Архаг хууч өвчнүүд

 

Орон байрны нөхцөл муу байх

 

Ажлын нөхцөл муу байх

 

Зөвхөн уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрний шинжилгээнд нь сүрьеэгийн нян эерэг байгаа хүн ханиах, найтаах, ярих, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж бусдад халдвар тараах боломжтой.

 

Уушгины сүрьеэгээр өвчилсөн үед дараах шинж тэмдэг илэрнэ

 

Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханийлгах

 

Цээжээр өвдөх

 

Цустай буюу цэртэй ханиах

 

Бие суларч ядрах, халуурах

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин