Гишүүд ОУПХ-ны Ассамблейн чуулганд оролцож байна
2018-03-26

УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна.

 

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар багтжээ.

 

Чуулганы үеэр манай төлөөлөгчид  Ази, Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Уг бүлгийг Монгол Улс 2017 онд даргалсан бөгөөд энэ жил Микронезийн Холбооны Улс даргалж байна.

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын даргалсан 2017 оны гуравдугаар сарын хурлаар Монголын парламентын бүлгийн санаачилгаар Дүрэмдээ өөрчлөлт оруулж, баталсан юм. Энэ нь 2008 оноос хойш тус байгууллагын дүрэмд хийгдсэн анхны өөрчлөлт байжээ.“Уг өөрчлөлт үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийн оролцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг 2017 оны 10 дугаар сарын хуралд оролцогсдын тоо өмнөх хурлынхаас гурав дахин буюу 150 хүрч нэмэгдсэнээс харж болно” хэмээн хуралдаан даргалагч албан ёсоор дурдаж, Монголын парламентад  баяр хүргэлээ.

 

Монголын парламентын бүлгээс ОУПХ-ны 4 байнгын хорооны нэг болох Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны товчооны гишүүнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг нэр дэвшүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэжээ. Уг байнгын хорооны товчооны гишүүдийг шинэчлэн сонгох хурал энэ сарын 27-нд болно. 

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэлэхээс гадна улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: parliament.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нийтээр хэрэглэж хэвшээгүй үгийг товчилж бичихгүй гэсэн журам байдгийг сана мангар сэтгүүлчээ Товчилсон үгээрээ гарчиглачихжээ эргүү юмаа.Энэ сэтгүүлч нарт албан бичгийн найруулга зүй зааж сургамаар юмаа арай дэндүү хэн дуртай нь сэтгүүлч болчихдог юм уу
2018-03-26