Суудлын авто машины УАШТ-ий нээлтийн гараа амжилттай болж өнгөрлөө
2018-03-27

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хуучнаар 52-ын даваа буюу Баруунтуруунд суудлын автомашины Speed Cup 1 уралдаан болж өнгөрлөө. Нийт 4 гараа уралдаан болж нийлбэр дүнгээр улсын аваргаа шалгаруулах зорилготой цуврал тэмцээний эхний гараа гэдгээрээ уг уралдаан онцлогтой болсон.

 

Байгалийн бартаат замд суудлын автомашин буюу седан загварын машинууд уралдаж буйг харах боломж төдийлөн олдоод байдаггүй. Одоогоос 10-аад жилийн өмнө зохиогдож байгаад нэг хэсэг завсарласан уг уралдааныг сүүлийн жилүүдэд сэргээж байгаа бөгөөд жилээс жилд хамрах хүрээгээ тэлж, бүтцийн болон маркетингийн шинэлэг зоримог алхмуудыг нэвтрүүлж байгаа юм. Энэ жил уг уралдааныг замын хажуугийн үйлчилгээ буюу MAS болон Horse Power  Racing Team нар ерөнхий ивээн тэтгэгчээр нь ажилласан.

 

 

Нийт 14 тамирчин төмөр хүлэгийнхээ шандсыг үзсэн. Хэсгийн уралдаанууд 6 тойрог, шигшээ уралдаан 8 тойрог явагдсанаас 1-р байранд 2017 оны буюу өнгөрсөн жилийн Speed Cup-ын оны шилдэг тамирчин, спортын дэд мастер Б.Мөнх-Эрдэнэ орж нээлтийн гараагаа амжилттай эхлүүлэв.

 

 

Тэрбээр уралдааны талаар “Өнөөдөр Speed Cup 1 амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан зохион байгуулагч нар болон Horse Power багийнхандаа маш их баярлалаа. Сайхан тэмцээн зохиолоо. Мөн ирж дэмжсэн үзэгчид, найзууддаа бүгдэд нь баярлалаа. Эхний гараанд түрүүллээ. Баяртай байна. Тамирчиддаа дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье” гэсэн юм. Б.Мөнх-Эрдэнийн гражнаас энэхүү тэмцээнд хоёр машин уралдсан бөгөөд ийнхүү өөрөө аваргалсан байна. Түүний хувьд одоогийн байдлаар ямар нэгэн клуб, багт харьяалагддаггүй бөгөөд өөрийнхөө гражийг цаашид баг, клуб болгон хөгжүүлэх зорилготой байгаа талаар эх сурвалжууд дурьдаж байсан юм.

 

 

Харин тэмцээний хоёрдугаар байранд хамгийн олон тамирчин сойж, мөн уг тэмцээнийг ивээн тэтгэж, гардан зохион байгуулсан “Horse Power Racing Team” багийн тамирчин, Монгол Улсын холын зайн Ралли тэмцээний аварга, спортын дэд мастер Э.Энхтайван шалгарсан юм. Түүний хувьд тэмцээний гол фаворит буюу түрүүлэх хамгийн өндөр магадлалтай тамирчдын нэгээр нэрлэгдэж байсан хүчтэй өрсөлдөгч нарын нэг билээ. Тиймдээ ч үүнийг баталж хоёрдугаар байранд орсон юм. Э.Энхтайван “Нийт 14 машин уралдсанаас 2-р байранд шалгарч, машин тэрэг маань хурдтай, хүчтэй байлаа. Үүнээс гадна уралдсан бүх автомашинууд маань аваар осол гаргалгүй уралдаанаа амжилттайгаар дуусгалаа. Энэ дашрамд зохион байгуулсан Speed мото клубынхан болон Horse Power багийнхандаа маш их баярлалаа гэж хэлье” гэж тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

Тэгвэл тэмцээний гуравдугаар байранд мөн л хамгийн олон буюу 4 тамирчинаа сорьсон “Хүлэг” автомашины багийн тамирчин Ц.Ариунболд орсон юм. Тэрбээр “Энэхүү тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Шагналт 3-р байранд орлоо. Анх удаагаа орж байгаа болохоор тэмцээний зам нилээн чанга хатуу санагдлаа. Өрсөлдөгч тамирчид маань ч хүчтэй, хурдтай байлаа. Манай Хүлэг сервисээс нийт 4 тамирчин оролцсон. Эцэст нь цааш цаашдын тэмцээндээ илүү их амжилт гаргахын тулд хичээнэ” гэсэн юм. Түүний хувьд яриандаа дурьдсанчлан ямар нэгэн цол зэрэггүй, анх удаагаа тэмцээнд оролцож туршлагатай тамирчидтай ширүүн өрсөлдөж гуравдугаар байранд орсон.

 

Уг тэмцээний зохион байгуулалтыг энэ жил тамирчид буюу “Horse Power Racing Team” баг замын хажуугийн үйлчилгээ буюу MAS-тай хамтран гардан зохион байгуулсан нь тамирчдад болон үзэгчдэд ч таалагдсан юм. MAS буюу замын хажуугийн үйлчилгээ нь гадны стандартын үйлчилгээг Монголдоо нэвтрүүлж байгаа компани бөгөөд дугуй засах, тос тосол солих, ачих гэх мэт 6 төрлийн үйлчилгээг үзүүлдэг юм. Тэмцээний үеэр ч уг үйлчилгээг шаардлагатай үед тамирчдад үзүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ. Ийнхүү анх удаагаа тамирчдын өөрсдийн зохион байгуулалт, менежмэнтээр зохион байгуулагдсан Speed Cup 1 тэмцээн өндөрлөлөлөө. Тэмцээнийг очиж үзэхээр тамирчдын ойр дотныхон ч ирсэн байсан нь тэмцээнийг улам халуун дулаан уур амьсгалтай, сонирхолтой болгож байв.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин