СИ-КИМ нарын НУУЦ
2018-03-28

Ким Чен Ун анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа Бээжин хотноо хийлээ. Энэ талаар “CNN” агентлаг, “www.dailymail.co.uk”  сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн 2011 онд төрийн эрхийг авсан билээ. Тэрбээр удирдагчийн сэнтийд сууснаас хойш хилийн дээс алхаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд түүний айлчлал хийх анхны улс ямар орон болох нь олны анхаарлыг татсаар байв.

 

Тэгвэл Ким Чен Ун гэргий Ри Сол Жү болон Пхеньны өндөр албан тушаалтнуудын хамтаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хүрэлцэн ирсэн юм.

 

“Төгсгөл хүртлээ Хойд Солонгосыг орхихгүй байх” гэсэн барууны хэвлэлүүдийн даажигналд залуу Ким цаг тавилаа.  Ким Чен Ун гэргийн хамтаар Бээжинд айлчлахаар болсон гэх мэдээллийг хоёр улсын хэдхэн хүн л мэдэж байсан бөгөөд энэхүү айлчлал маш нууцын зэрэглэлд болжээ.

 

Анхлан Америкийн “Блумбэрг” агентлаг “Ким Чен Ун галт тэргээр Бээжинг зорьж байна” хэмээн мэдээлсэн ч олон улс уг мэдээллийг баттай эсэхэд эргэлзэж байлаа. Тус агентлаг тун ойрын эх сурвалжаасаа энэхүү мэдээллийг авсан гэдгээ мэдэгдсэн ч хараахан баталгаатай болгож чадахгүй байсан юм. Бээжин Хойд Солонгосоос ирэх нөлөө бүхий эрхмийг хүлээн авахаар бэлдэж байгаа нь дээрх мэдээллийг бага ч гэсэн баталж байв. Гэхдээ Ким Чен Ун өөрийн биеэр ирэх эсэх нь эргэлзээтэй байсан юм. Бээжингийн эрх баригчид хүндэт зочноо хүлээн авахын тулд Хойд Солонгосын хилээс Бээжин хүртэлх төмөр зам дагуу хамгаалалт гаргаж, энгийн иргэдийг ойртохыг хориглосон байна. Мөн Бээжин хотноо өндөр хамгаалалт гаргаж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.

 

 

Хойд Солонгосоос өндөр хамгаалалт дор ирсэн эрхэм нь Ким Чен Ун мөн болохыг баталсан гэрэл зургуудыг Хятадын төрийн хэвлэлүүд цацсанаар “оньсого” тайлагдав. Ким Чен Ун гэргийн хамтаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзаж, улмаар зургаа авахуулжээ. Тэд олон цагийн турш нууц уулзалт зохион байгуулсан аж.

 

СИ-КИМ нарын зураг нийтийн хүртээл болсны дараахан Өмнөд Солонгосын тал “Ким Чен Уныг хилийн дээс алхсан гэдгийг бид мэдээгүй. Бид бүх анхаарлаа Бээжин рүү төвлөрүүлээд байна” гэж мэдэгджээ. Бээжингийн тал Ким Чен Уныг хүлээн авсан тухайгаа хожуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт мэдэгдсэн нь уг айлчлал нууцын зэрэглэлд болсон гэдгийг баталж буй юм.

 

Трамп “Хойд Солонгосыг цөмийн зэвсгээ татгалзахыг шаардаж, уг ажилд БНХАУ ямар ч оролцоогүй байна” хэмээн нэг бус удаа шүүмжилсэн удаатай. Бээжин бол Пхеньянтай холбоотой цөөхөн орнуудын нэг. Ерөнхийдөө Пхеньяны эдийн засаг Бээжинтэй шууд холбоотой. Хэрвээ Бээжин, Пхеньянаас холбоо тасарвал тус улс хүндхэн сорилттой нүүр тулна.

 

Ким Чен Ун, Си даргатай уулзах үеэрээ "Цөмийн зэвсгээсээ татгалзах болно. Өмнөд Солонгос болон АНУ бидний хичээл зүтгэлийг хүлээн авбал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох боломжтой. Хоёр улс энхтайвныг эрхэмлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн амласан байна. Хойд Солонгос улс олон улсаас тасарч, ганцаардаж байгаа нь “цөмийн зэвсэг”-тэй шууд холбоотой. Тус улс цөмийн зэвсгээсээ татгалзвал олон улс ямар ч хаалтгүйгээр Хойд Солонгосын хөгжилд цэцэглэлтэд дэмжлэг үзүүлж, санхүүгийн бэрхшээлээс нь гарахад туслалцаа үзүүлэхээ амласаар байгаа.

 

Харин анх удаагаа залуу Кимийн амнаас “цөмийн зэвсгээс татгалзах болно” гэдэг үг гарч буй учир олон улс ирээдүйд гарах гэгээлэг өөрчлөлтийг тэсэн ядан хүлээж буй юм. Гэхдээ хоёр улсын Гадаад хэргийн яам өнөөг хүртэл айлчлалын үеэр удирдагчид юуны талаар ярилцсан тухай мэдээллийг нийтэд түгээгээгүй байна. “Зөвхөн Ким Чен Уны хэлсэн ганцхан амлалтын талаарх ерөнхий мэдээлэл хүргэсэн нь чамлалттай” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв.

 

Ким Чен Ун ирэх сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, ирэх тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар тохиролцоод байна. Эдгээр уулзалтын өмнө Ким Чен Ун, Си Зиньпинтэй уулзаж, “зааварчилгаа” авсан байх магадлалтай хэмээн хэвлэлийнхэн бичиж буй юм. Өнөөг хүртэл ТРАМП-КИМ нарын уулзах газар тодорхойгүй байна. Си Зиньпин залуу удирдагчийг нутагтаа хүлээн авах үеэрээ уг түүхэн уулзалтыг өргөн уудам Хятадын өргөн уудам газар нутаг дээр зохион байгуулах санал гаргасан байж болзошгүй.

 

Ким Чен Ун өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болсон өвлийн олимп руу дүү Ким Чен Ёныг илгээсэн юм. Тэрбээр хоёр Солонгос хуваагдсанаас хойш өмнөдөд ирж буй анхны Кимийн гэр бүлийн гишүүн билээ. Ким Чен Ун харин Бээжинд айлчилж буй Кимийн гэр бүлийн хоёр дахь гишүүн. Түүний эцэг Ким Чен Ир өнгөрсөн 2001 онд галт тэргээр Бээжинд хүрэлцэн ирж, тус хотноо долоон өдрийн хугацаатай айлчилж байсан юм.

 

 

Ким Чен Ун БЭЭЖИНД ирсэн нь ВАШИНГТОНД ч очих боломжтой гэдгийг баталсан үйл явдал болж өнгөрлөө.

 

Ким Чен Ун үүрээр нутаг руугаа явсан болохыг албаныхан баталжээ. Бээжингийн Тань Ань Миний талбайн хамгаалалт бууж, түүний буудалласан зочид буудал өнөөдрөөс хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин