Ким Чен Уны уулзах дараагийн эрхмээр Шинзо Абе тодорлоо
2018-03-29

Японы Ерөнхий сайд Шинзо Абе ирэх зургаадугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаар болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Хоёр тал уг дээд хэмжээний уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байна. Удирдагч Ким Чен Ун саяхан зохион байгуулагдсан эрх баригч “Хөдөлмөр”-ийн намын чуулганы үеэр Ерөнхий сайд Абетэй уулзах санал гаргасан гэнэ.

 

Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт сүүлд 2011 онд зохион байгуулагдсан юм. Японы тал өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэд хэдэн удаа хоёр улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал гаргасан боловч Пхеньян татгалзсаар байжээ.

 

Пхеньян өнгөрсөн онд түүхэндээ анх удаагаа Японы газар нутгийн дээгүүр алсын тусгалтай пуужин харвасан билээ.

 

Мөн Япон, хоёр Солонгос болон ОХУ-ыг багтаасан зургаан талт уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг асуудлаар "ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахгүй. Зургаан талт уулзалт болох эсэх нь тодорхойгүй байгаа” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

 

Ким Чен Ун энэ сарын 25-28 өдрүүдэд БНХАУ-д анхны төрийн дээд хэмжээний айлчлал хийж, Си Зиньпинтэй уулзсан билээ.

 

Тэрбээр ирэх саруудад ихээхэн завгүй байх нь тодорхой. Ирэх сард тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах бол тавдугаар сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзахаар тохиролцоод байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин