ФОТО: Төлийн дуу цангинасан Монголын хавар
2018-04-02
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Усны шувууд ганганан дуугарсаар нутгийн нуурандаа чуулах арайхан болоогүй ч урь унаж, жаврын үзүүр хэдий нь цаашилжээ. Ирж яваа цагийн урь амсаж, малчны хотонд төлийн дуу цангинаж байна.

 

Хотонд таран хэвтсэн хурга ишгэн дунд чимээгүйхэн суугаад дөхөөд ирэнгүүт нь өөрийн хамгийн их хайрладаг ишгээ гэнэтхэн ухасхийгээд л бариад авахын төлөө төрчихсөн мэт өдөржин хотонд шар бууцанд даруулж өнжсөн болохоороо тэрүү хавар бүрийд л  бууцны үнэр, бяцхан ишигнүүд эрхгүй танил тэгээд соньхон байдаг.

 

Хаврын урт өдрүүдэд манарсан шороон шуурга тавих нь элбэг. Гэвч зарим өдөр нь нар руу харж найтаагаад л баймаар намдуухан, дулаахан байх нь ч бий. Яг нэг ийм өдрийн оройд төлдөө яарсан хонин сүрэг энгэр ээвэр газрын шаргалтсан хөндийгөөс төлдөө яаран гэрийн зүг цувж харагдана. Эхийнхээ дууг сонссон хурга, ишиг зэрэг майлалдах нь хөөрхөн. Цувж буй сүргийн сүүлчийг мушгин ямаа ишгэндээ ирж явна. Ямаа нэг их дуу бололгүй намдуухан майлсаар ишгээ олж авав. Нялх тугалтай сарман гунж гэнэт ухаан орсон мэт гэрийн гадаа чанга гэгч нь мөөрнө. Сарман гунжны тугалных нь цадалгүй орхисон сүүгээр жилбэ муутай эхийнхээ сүүнд цадаагүй эсхүл эхдээ гологдсон хурга ишгийг угжихад төдөлгүй цадаад тонгочиж харагдана.

 

Төл бүгд эхдээ очсоны дараа малчдын хаврын өдөр уртын их ажлын ундарга сая нэг шувтарч оройн хоолоо базаахаар гэр гэр рүүгээ орно. Хавар ийм л шороотой, бороотой олон өнгөтэй...

 

 

 

 

 

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин