Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглолоо
2018-04-03

 

Хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай Онцгой комиссын 2018 оны 03 тоот албан даалгавар гарлаа.

 

Шийдвэрийг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссоос  холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгаж байна.

 

            1.1 Дүүргийн Засаг дарга /дүүргийн Онцгой комиссын дарга/ нарт:

 

            а/харьяалах нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах төсвийг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

 

            б/дүүргийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон хороодод ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үзлэгийг 2018 оны 4, 9 дүгээр саруудад зохион байгуулж, биелэлтийг дүгнэх;

 

            в/2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ногоон бүсэд байгалийн дагалт баялгийг ашиглах, амралт аялал зугаалга зохион байгуулах, галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох арга хэмжээ авах;

 

             г/түймэрт өртсөн ой, модны экологи-эдийн засгийн болон шууд хохирол, түймэр гарсан шалтгаан, эзэн холбогдогчийг зохих журмын дагуу тогтоох ажлыг зохион байгуулах;

 

д/ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг ойн түймэртэй тэмцэх сургалтад хамруулан, ойн түймэр унтраах ажиллагаанд оролцуулж, хавар, намрын улиралд нутгийн иргэдээс урамшуулалт морин эргүүлийг гэрээгээр ажиллуулж, байнгын хяналт тавьж ажиллах;

 

             е/ой, хээрийн түймэр гарч болзошгүй нутаг дэвсгэрийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан хариуцуулж, түймэр гарсан үед үүрэг гүйцэтгэх хүн хүч, машин техник, аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг шинэчлэн, тэдгээрийн үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

 

             ё/ой хээрийн түймэр унтраахад дайчлах гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудыг томилон, бэлэн байдлыг хангуулах, дайчилгааны хуваарийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулах;

 

             з/хил залгаа нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргатай “Түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, харилцан ажиллах төлөвлөгөө”-г шинэчлэн байгуулж хэрэгжилтийг зохион байгуулах;

 

             ж/ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ойн түймэртэй тэмцэх, хүч хэрэгслийг тодотгон, шаардагдах шатах тослох материал, хоол хүнс, гал унтраах багаж, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө төлөвлөн зарцуулж, биелэлтэд хяналт тавих, үр дүнг тооцож ажиллах;

 

             и/ойн сан бүхий зуслангийн амуудын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудаас гарч байгаа хог хаягдлыг цэвэрлэн, тээвэрлэх ажлыг зохион байгуулах;

 

             й/ой, хээрийн түймэр унтраах зориулалттай багаж хэрэгслийг /РЛО, үлээгч аппарат, тросон шүүр, цохиур, хүрз, хөрөө, сүх гэх мэт/ харьяалах нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагаар бэлтгүүлэн, шаардлагатай газруудад төвлөрүүлэн байршуулах.

 

            1.2 Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т:

 

             а/ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, түймэр гарсан үед хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг шуурхай хангуулан, түймэртэй тэмцэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах;

 

             б/нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг 2017 оны 4, 9 дүгээр саруудад зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах;

 

             в/ ой, хээрийн түймэртэй тэмцэх, унтраах арга ажиллагаанд иргэдийг сургаж, холбогдох байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

 

             г/ой, хээрийн түймэр унтраах бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч сургаж дадлагажуулах;

 

             д/дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт гарсан түймрийг холбогдох байгууллагуудтай хамтран богино хугацаанд цаг алдалгүй унтраах ажлыг зохион байгуулах;

 

             е/ой, хээрийн түймрийн аюултай үед хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа явуулж, гарсан ой, хээрийн түймрийг шуурхай унтраах, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

 

 1.3 Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т:

 

             а/хуурайшилтын улиралд нийслэлийн ногоон бүсэд иргэдийн зорчих үйл ажиллагааг хуульд заасан хугацаагаар хязгаарлах, ойд зорчих зайлшгүй тохиолдолд баталгаа гаргуулж авах ажлыг зохион байгуулах;

 

             б/байгаль хамгаалагч нарын хариуцсан нутаг дэвсгэрт тавих хяналтыг сайжруулж, нутгийн иргэдээс урамшуулалт морин эргүүлийг гэрээгээр зохион байгуулан ажиллах;

 

             в/ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж, иргэд, олон нийтэд гарын авлага материал тараах;

 

            г/нийслэлийн ногоон бүсэд байгаа авто тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хязгаарлах зориулалттай хаалтуудыг засварлаж, байнгын ажиллагаатай болгох, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга, санамж бүхий самбаруудыг шинэчлэх, харуулын өндөрлөг цамхагт тогтмол жижүүр ажиллуулах;

 

            д/байгаль хамгаалагч нарт ой, хээрийн түймрийн үед ашиглах гар багажийг бэлтгүүлэх, түймрийн аюултай үед эргүүл, жижүүрээр ажиллуулах;

 

            е/ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг явуулах, зурагт хуудас, санамж бичиг бэлтгэж, иргэд, олон нийтэд тараах;

 

              ё/нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнт эргүүл ажиллуулж шалгалт зохион байгуулах, уг үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглах;

 

 з/хавар намрын хуурайшилтын улиралд сансрын зураг, мэдээ, мэдээллийг ашиглаж, хариуцлагатай эргүүл жижүүр томилох, холбогдох байгууллагатай харилцан ажиллах төлөвлөгөө гаргах.

 

             1.4 Хан-Хэнтий дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон, Богдхан  уулын дархан цаазат газрын амгаалалтын захиргаанд:

 

             а/хавар, намрын хуурайшилтын улиралд дархан цаазат болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд тавих хяналтыг сайжруулж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн холбогдох нутгийн захиргааны болон Онцгой байдлын байгууллагыг мэдээллээр хангах;

 

             б/дархан цаазат болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга ажиллагаанд сургаж дадлагажуулах, түймэр гарсан үед эхний ээлжид гарч ажиллах бүрэлдэхүүнийг томилгоожуулан, шаардлагатай багаж хэрэгслээр хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх.

 

                 1.5 Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт:

 

            а/ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бие бүрэлдэхүүнд хичээл, сургалт, дадлагыг зохион байгуулж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, мэдээ мэдээллийг харилцан шуурхай солилцож, хамтран ажиллах;

 

           б/ой, хээрийн түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоон, эзэн холбогдогчийг шуурхай илрүүлж, гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж нийтэд мэдээлэх;

 

           в/цаг агаарын хуурайшилтын аюултай болон нэн аюултай зэрэгт хүрсэн үед орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулж, нийслэлийн ногоон бүсэд зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, автомашин, техникийн галын аюулгүй байдлыг хангахад хяналт тавих.

 

 1.6 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т:

 

            а/гамшгаас хамгаалах тухай, галын аюулгүй байдлын тухай, ойн тухай хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг танилцуулж ажиллах.

 

              1.7 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т:

 

               а/гал түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах талаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах.

 

                2.Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа, холбоог сайжруулан, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч бөгөөд Нийслэлийн Онцгой комиссын орлогч Ж.Батбаясгаланд, албан даалгаврын хэрэгжилтийн дүн мэдээг 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийслэлийн Онцгой байдлын газарт хүргүүлэхийг холбогдох байгууллагын дарга, дүүргийн Засаг дарга нарт, ирүүлсэн мэдээг нэгтгэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэнд тус тус үүрэг болгосугай гэжээ.

Shuud.mn
Сонин хачин