АНУ-ын хөдөлмөрийн виз мэдүүлэх эрх нээгджээ
2018-04-03
Гэрэл зургийг MPA.mn

 

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан.  Ингэснээр Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон.

 

"Дөрөвдүгээр сарын 1-нээс H-2 визийг мэдүүлэх эрх нээгдсэн болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

 

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг байна.

 

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг байна.

 

Энэхүү визтэй холбоотой мэдээллийг Consul.mn сайтын “Хөдөлмөрийн виз” гэсэн хэсэгт байршуулсан болохыг иргэд олон нийтэд санууллаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин