Ж.Батзандан: Халдашгүй эрхээр халхавч хийж болохгүй
2018-04-10

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан:

 

-Манай төрийн албан хаагчид, хууль  хяналтын байгууллага, зарим нэг тагнуулчид нь мөнгө угаагаад байна гэж би хэлээд шүүхэд дуудагдаад явж байна. С.Баяр, Б.Хурц нарыг мөнгө угаасан гэж би хэлсэн. Тэд намайг “мөнгө угаагаагүй” гээд шүүхэд өгсөн.  ХХБ-ны Эрдэнэбилэг гэж хүн гурав дөрвөн банктай. Нэг хүн нэг банкны л ТУЗ-д байж болно. Үндэсний банк гэж худлаа яриад байх юм. Мөнгө өдөр 400 сая ам.доллар гаргаж байгаа чинь мөнгө угаалт, “Эрдэнэт”-ийн 51 хувь, М.Энхболдын 60 тэрбум мөнгө угаалтын хэлбэр. Энэ асуудлуудаа засч залруулах хэрэгтэй. Бид гаргасан хуулиа хэрэгжүүлэхгүй бол хууль гаргаад яах юм бэ хэмээлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасантай холбоотой Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан юм.

 

Д.Гантулга гишүүнийг яллагдагчаар татагдсан холбогдуулан прокуророос УИХ-ын тухай хуулийн 6.9-ийг үндэслэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлсэн бол гишүүн Д.Гантулга бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д тавиад байсан.  Ерөнхий прокуророос ирүүлсэн санал, гишүүн Д.Гантулгын хүсэлтийг судалж үзэхэд одоогийн байдлаар “хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломжгүй” хэмээн үзсэн байна.  Учир нь УИХ-ын тухай хуулийн дээрх заалтыг ҮХЦ хүчингүй болгосон юм.

 

Иймд УИХ-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдуулж хууль, эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгох саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон болохыг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан:

 

-УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол УИХ-ын танхимд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үндэс язгуурынхаа төлөө үг хэлэхийг хамгаалж байгаа эрх юм. Түүнээс биш гэмт хэрэг үйлдсэнээ халдашгүй эрхэн дор халхавчил гэсэн үг биш юм.Энэ бол хоёр талтай. Улс үндэстнийхээ төлөө эр зоригтой бай гэж УИХ-ын гишүүнд халдашгүй эрхийг нь өгдөг юм гэлээ. 

 

Ийнхүү Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтээ Хуульзүйн байнгын хороонд сонсголоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин