Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг дэлхий үнэлжээ
2018-04-12

Монгол-Украин улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлж буй туршлага солилцох уулзалт өнөөдөр (2018.04.12) Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд боллоо. Уг уулзалтаар Монгол Улс олборлох салбарын гэрээг олон нийтэд ил болгож буй туршлага болон Украйн улсад ашиг хүртэгч эцсийн эздийг ил болгосон туршлага, сургамжийн талаар хэлэлцэж байна.

 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь байгалийн баялгийг зөв зохистой засаглах чиглэлээр татвар төлөлт, тусгай зөвшөөрөл олголт, гэрээ, олборлолт, борлуулалт, эрх зүйн орчин, орон нутгийн шилжүүлэг, хандив, дэмжлэг зэрэг цогц мэдээллийг ил тод болгодог төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн дэлхийн түншлэл юм. Тус санаачилгад Монгол Улс 2006 оны Засгийн газрын 1-р тогтоолоор нэгдэн орж, 12 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Манай улсыг 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр ил тод байдлын стандарт, шаардлагуудын бүрэн хангасан дэлхийн хоёр дахь орноор хүлээн зөвшөөрчээ.

 

Уулзалтын  үеэр Монголын Олборлох Үйлдвэрийн Засаглалыг Сайжруулах Ажлын Албаны зохицуулагч Ш.Цолмон  “ Манай улсыг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг сайн хэрэгжүүлж байна гэж хөндлөнгөөс дүгнэж байгаа. 2011 оноос тайлангуудыг тасралтгүй гаргасан. 2016 онд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын системийг цахим болгосон энэ нь санаачилгыг хэрэгжүүлж буй 50 гаруй орныг тэргүүлэх томоохон дэвшил болсон. Үүнийг үнэлж биднийг 2016 онд “Болор цом” шагналын эзэн болгосон. Манай системээр дурын хэрэглэгч уул уурхайн салбарын тухай хүссэн мэдээллээ авч судалгаа хийх бүрэн боломжтой. Энэ мэдээллийг ил тод болгосноор Засгийн газар болон манай компаниуд хариуцлагатай байна гэдгээ олон нийтэд илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн тогтоол шийдвэрийг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа эсэхээ ил тод харуулж байна гэсэн үг. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани ямар үйл ажиллагаа явуулдаг болоод хэдэн төгрөгийн татвар төлдөг, бүтээгдэхүүний тоо хэмжээ зэргийг харж болно. Хүн амын ажилгүйдэл, ядуурал зэрэг статистикийг манай мэдээлэлд үндэслэн хийх бүрэн боломжтой юм” хэмээн хийсэн тайлангийнхаа үр дүнг тайлагналаа.

 

“Төлсөн авснаа нийтэл”эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүн, Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа “Энэ санаачилгийн үр дүнд уул уурхайн гэрээнүүдийг хоёр тал хэрхэн ил тод нээлттэй болгож байгаа болоод уул уурхайн ашиг хүртэгч жинхэнэ эзэд нь буюу хамгийн эцсийн өмчлөгчийг нь хэрхэн нээлттэй болгож байгаа талаар туршлага хуваалцаж байна. Украин улс ашиг хүртэх жинхэнэ эздэдээ ил тод болгох хуулийг баталж гаргасан. Харин манай улс энэ хуулийг санаачлаад УИХ-д өргөн барьсан боловч 2016 онд буцаагдсан. Тийм учраас уул уурхайн тухай хуульд нэг бүлэг болгон оруулах саналаа гаргасан. Иргэний нийгмийн байгууллагууд ил тод байдлын тухай тусгай хууль байх ёстой гэж үзэн, ажлын хэсэг байгуулаад ажлаа эхэлсэн” хэмээн ярилаа.

 

Мөн ил тод байдлын тайлан мэдээлэл нээлттэй болсноор маш сайн дэвшлүүд гарсан ч сайжруулах оллн зүйл байгааг тэмдэглэв. Тухайлбал, тусгай зөвшөөрөл олгох үйл явцаас эхлээд гэрээ байгуулах, баялгаас хувь хүртэж байгаа эздийн мэдээллийг ил тод болгохгүй бол маргаан, зөрчил, мөнгө угаах гэмт хэргүүд их гарч байгааг дурдлаа.

 

З.Жамбал

Shuud.mn
Сонин хачин