Иргэд дэмжээгүй тул дугаарын хязгаарлалтыг өөрчлөхгүй
2018-04-16

Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахгүй 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэл хотод энэ сарын 15-наас автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргаж иргэдээс санал асуулга авсан. Гэвч иргэд дэмжээгүй учраас дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор хязгаарлахгүй болсныг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ.

 

Харин зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдэх юм байна.

 

Энэ жил Замын Цагдаагийн газар болон Зүүн  дөрвөн замын гүүрэн гарцын томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Уг ажилтай холбогдуулан замын зорчих хэсгүүдийг хааж, таван байршилд түр зам гаргаад байна. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг эхлүүлсэн. Тус замыг өнөөдөр /2018.04.16/ нээлээ. Ингэснээр Гандигийн гудамж Нарны замтай холбогдож, Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим буурна гэдгийг албаныхан хэлж байна. 

 

Таван түр зам нээхэд 780 сая төгрөг зарцуулсан 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр: Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Нарны замаас Махамит Гандигийн  уулзвар хүртэл замыг хаагаад ажиллаж байна. Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбогдуулан долоон түр зам тавьж нээхээр төлөвлөсөн.Одоогоор таван түр замыг нээгээд байна. Гол зам нь Махамит Гандигийн гудамжны энэхүү 400 метр зам. Замын дунд төмөр замын гарц байгаа. Тиймд энэхүү гарцан дээр дөрөв дэх өдрийн орой 22.00 цагаас нэг дэх өдрийн 07.00 цаг хүртэл гурван өдөр зам хаана. Улмаар Замын цагдаагийн гүүрэн гарцан дээрх төмөр замын автомат тоноглолыг зөөж, суурилуулах юм байна. Тоноглол хийж дуустал хоёр цагдаа байнгын зохицуулах бөгөөд төмөр замын дохиочид ажиллана” гэв. Энэхүү зам нь өдөрт 35-45 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай аж.

 

Таван байршилд нээсэн түр замын ажилд нийтдээ 780 сая төгрөг зарцуулжээ. Дахин нэмж хоёр түр зам нээхэд 580 орчим сая төгрөг шаардлагатай аж.

 

Түр замын байршлуудыг ЭНД дарж харна уу.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин