Азийн сангийн ерөнхийлөгч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөр зочиллоо
2018-04-19

 

Улаанбаатар хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Улаанбаатар хот дахь Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг, АНУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мануэл Микалер нар өчигдөр зочилж, тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, Инкубатор төсөл төслийг КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сан хамтран 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхижуулах, тэдний эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготой хэрэгжиж байгаа туршилтын төсөл юм.

 

Төслийн үйл ажиллагаа эхэлснээс хойш тус төвд 2000 гаруй эмэгтэйчүүд бүртгүүлсэн бөгөөд төвөөс зохион байгуулж байгаа сургалт үйл ажиллагаа, уулзалтууд, үзэсгэлэн худалдаа, аялалд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулж байна.

 

 

Уулзалтын үеэр Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, АНУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мануэл Микалер нар Бизнес Инкубаторын байртай танилцаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо. Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд тус төслийн явц, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаанд сэтгэгдэл өндөр байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин