Эрх баригчид өөрийн хүнийг хөөчихөөд өрөөлийнхийг өмөөрөөд суухгүй
2018-04-20

 

УИХ-ын  хоёр ч гишүүн эрүүгийн хэрэг үүсгэгдэн яллагдагчаар татагдаад байгаа. Гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон бол гишүүн Б.Мурат бусдад хүч хэрэглэж, дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр шалгагдаж байна. Хэрэгт холбогдсон Д.Гантулга бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлтээ гаргасан бол Б.Мурат одоогоор "амаа үдэж" яваа. Учир нь Б.Муратыг яллагдагчаар татсан гэж прокуророос мэдээлсэн ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал одоогоор УИХ-д ирээгүй байна.  Улсын Ерөнхий прокуророос  яллагдагчаар татагдаж байгаатай холбогдуулан гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг УИХ-ын тухай хуулийн 6.9-д заасны дагуу түдгэлзүүлэх санал ирүүлсэн. 

 

Гэвч Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 6.9 дэх заалтыг буюу “Улсын Ерөнхий прокурор  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д тавьж болох, мөн гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргаж болох заалт тус тус  хүчингүй болгосон юм. Тиймээс  прокурорын ч, Д.Гантулгын ч асуудлыг хэлэлцэх хууль эрхзүйн үндэслэлгүй болсон хэмээн эрх баригчид үзсэн. Харин сөрөг хүчин “Үндсэн хуулийн заалтаар хэлэлцэж болно” гэсэн байр суурь илэрхийлсэн боловч прокурорын санал, Д.Гантулга гишүүний хүсэлт аль аль нь УИХ-ын тухай хуулийн дээрх заалтыг үндэслэсэн хэмээн тайлбарлаж буй.  Харин УИХ хуулийн дээр заалтыг дахин сэргээснээр эрхзүйн орчин бүрдэж, мухардлаас гарна гэж үзсэн. Тиймээс ч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн барьсан   Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэж байна.

 

Уг хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн. Ингэхдээ 2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтуудад Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгасан байжээ.  2010 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна. Байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тус заалт нь Монгол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгожээ.

 

Тиймээс хуулийн төсөлд “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргах”-аар тусгажээ. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэх юм гэдгийг төсөл санаачлагч онцолж байгаа юм.

 

Ер нь өнөөдрийн нөхцөлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөнддөг гурван тохиолдолд байдаг байна. Эхнийх нь  чөлөөлөх, хүсэлт гаргасан бол хэлэлцдэг, өөр албан тушаалд шилжихээр УИХ-ын дарга оруулж ирдэг байна. Дараагийнх нь ҮХЦ эгүүлэн татах дүгнэлт гаргасан бол ҮХЦ-ийн дарга , шийтгүүлсэн бол Улсын Ерөнхий прокурор тус тус  УИХ-д   танилцуулдаг байна. Харин гуравдугаарт түдгэлзүүлэх асуудал. Энэ нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдсан бол, Ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал ирүүвэл УИХ хэлэлцдэг байна.  Үндсэн хуульд ч  “түдгэлзүүлэх эсэхийг УИХ шийднэ” гэж заасан байдаг байна. 

 

Ямартай  ч хууль батлагдсанаар мухардал, хийдлийг арилна гэж бодъё. Гэвч  түдгэлзүүлэх заалтыг сэргээснээр асуудал шийдэгдэхгүй. Учир нь яллагдагчаар татагдаад байгаа гишүүдийн хувь заяаг УИХ шийднэ. Д.Гантулга гишүүний хүсэлтийг эрх баригчид хүлээж аваад бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж тооцоход дараагийн гишүүний асуудлыг прокурор араас нь оруулж ирэх нь тодорхой. 9 суудалтай сөрөг хүчин  гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхэд эсрэг байр суурьтай байгаа нь мэдээж. Хамгаалж авч үлдэхээр шийдлээ гэхэд кнопоор цөөнх хүч дутна. Эрх баригчид ч өөрийн хүнээ хөөчөөд өрөөлийн хүнийг өмөөрөөд суухгүй нь мэдээж.  Тиймээс эрх баригч, сөрөг хүчний тохироогоор асуудал үргэлжлэх байх. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин