Сумдад статистикчийн орон тоог нэмэх шаардлагагүй
2018-04-25

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Уг төслөөр сум, хороодод статистикийн мэргэжилтний орон тоо бий болгох, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор МУИС-д Статитикчийн мэргэжилтний анги нээх асуудлыг тусгажээ. Энэ хүрээнд төсөв, санхүүгийн зардлыг ч гаргах юм байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавив.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Статистик тоо мэдээлэл үнэн зөв гардаг байхыг хүсч байна. Засгийн газар,  төрийн захиргааны байгууллагуудын ажлын үнэлэлт дандаа 90 гаруй хувьтай гардаг. Орчин үед тоон мэдээллийг хаанаас ч авч болно. Хүн ам, малыг тоолдог. Орон сууцыг тоолох шаардлага байхгүй. Ихэнх нь хувийн өмчид шилжсэн. Үүнийг ҮСГ-аас авах шаардлага байхгүй гэж үзэж байна. Гаргасан тоон мэдээлэл нь эдийн засгийн  үр нөлөөтэй шийдвэр гаргахад нөлөөлдөг байх хэрэгтэй.  Цаашдаа үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулахгүй бол шаардлага хангахгүй байгаа. ЖДҮ-ийн тухай хуулийг гаргахад ҮСГ-ын тоон мэдээлэл шаардлага хангахгүй байна.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Бид УИХ-д статистикийн газрын тайланг сонсоод үүрэг чиглэл өгсөн. Ажилгүйдэл нэмэгдсэн үү, төрийн албаны тоо хэдээр нэмсэн гэдэг тоо гаргах гэхээр санхүүжилт дутдаг гэж хэлж  байсан. Орон тоо бий болгох гэсэн асуудал тулаад ирсэн байна. Макро эдийн засгийн гол гол үзүүлэлтийг гаргах гаргахад төсөв хэрэгтэй гэсэн. Салбарын мэргэжилтнүүдийн хэлснээр орон тоондоо бус салбарын санхүүжилтийг нь татан буулгасан гэж байсан.

 

Ийнхүү гишүүд саналаа хэлж байна. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин