16 нас хүрсэн иргэнд газар өмчлүүлье
2018-04-25

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн хугацааг сунгах төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Газар өмчлүүлэх хуулийн хугацааг өнгөрсөн жилүүдэд тав таван жилийн үечлэлтэй сунгаснаар иржээ. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд нийт иргэдийн 18 хувь нь гэр бүлийн хэрэгцээний газраа өмчилж аваад байгаа юм. Энэ удаагийн хуулийн төсөлд газар өмчлөлийг 10 жилээр сунгахаар тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Газар өмчлөл жилдээ нэгхэн хувиар өсчээ. Энэ нь амьдрал дээр хэрэгжихгүй хууль гаргасны шалтгаан. Газар өмчлүүлэх болсон шалтгаан нь малыг хувьд шилжүүлсэнтэй холбоотой байх. Өнөөдөр энэ хууль цаашдаа ч хэрэгжихгүй. Ийм хуулийг хүчээр явуулж болохгүй. Хамгийн гол нь 16 нас хүрч, иргэний паспорт авсан хүн газар өмчлүүлэх эрхийг олгоё. Ингэхгүй бол  аймаг, хотын төвийн эргэн тойрон эзэнгүй хашаа их боллоо. Энэ нь хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байна. Үнэхээр газар өгье гэвэл нэг иргэн 0.07 га-г дэд бүтэцтэй газар өмчлөх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Газрыг эдийн засгийн эргэлтэд яаж оруулах вэ? Хүний сонирхол татах, өгөөжөө өгөхгүй болохоор чинь хүмүүс сонирхохгүй байна. Газрын харилцаа өнөөдөр зах зээлд ороогүй. Улаанбаатар хотод өмчлөх газар байгаа юу?

 

БХБ-ын сайд Х.Баделхан:

 

-Өнөөдрийн байдлаар иргэдийн 18, өрхийн 67 хувь газар авсан. Энэ нь 2003 оноос анх гэр бүлийн хэрэгцээнд өрхөд, дараа нь иргэнд газар өмчлүүлсэн юм билээ. Газар өмчлөлийн хуулийг сунгахаас өмнө өмчлөх асуудал эрчимтэй явагддаг юм байна. Газар өмчлөл эрчимтэй явахгүй байгаа нэг шалтгаан нь дэд бүтэц хөгжсөн, эдийн засгийн эргэлтэд орох газар авахтай холбоотой. Нөгөөтэйгүүр газрын үнийн асуудал 1997 оныхоор явж байна. Газрын суурь үнийг өөрчилвөл эдийн засгийн эргэлтэд орно гэсэн бодолтой байгаа гэлээ.  

 

Улаанбаатар хотын иргэдийн 13,2 хувь нь газраа өмчилж  авчээ. Монгол Улсын хэмжээнд нийт газар өмчлүүлэх боломжтой 242 мянга га газар байдаг байна. Үүнээс 130 мянган га дээр газрын улсын чанарын баталгаа, төлөвлөлт хийжээ. Газрын нөөцийн ихэнх хувь нь орон нутаг, улсын чанартай автозамын дагуу судлагдсан байдаг байна. Улаанбаатар хотын иргэд хөдөө орон нутагт газар өмчилж авах боломжтой аж.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин