С.Чинзориг: Гадаадаас ажиллах хүчин авах тоог 30 хувиар бууруулна
2018-04-26

 

ХНХ-ын сайд С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн төслийг УИХ хэлэлцэж байна. Энэ хуульд шинээр ямар зохицуулалт тусгасан бол?

 

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулаад УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна. Энэ хуульд гишүүд орж ажиллах хүсэлт тавьсан. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар өргөтгөсөн ажлын хэсгүүд байгуулахаар байна.

 

1999 онд анх Хөдөлмөрийн хууль батлагдсан. Үүнээс хойш бараг 20-иод жил өнгөрсөн. Өнөөдөр цаг үеэ дагаад хуулиар зохицуулагдаагүй нөхцөл үүсээд байгаа. Гэрээнд заасны дагуу ажиллах, гэрээсээ ажиллах, ажиллах хүчнийг өөр байгууллагаас бүрдүүдэх зэрэг хөдөлмөрийн маш  өөрчлөлт амьдралаас урган гарч ирсэн.

 

Манай залуус суралцахын хажуугаар бүрэн бус цагаар ажил хийж орлого олох болсон. Тиймээс хуульд бүрэн  бус цагаар ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн хөлс бүрэн цагаар ажиллаж байгаа ажилтны цагийн хөлснөөс багагүй байхаар хуульд зохицуулалт хийж байгаа.

 

Хөдөлмөрийн хуулийн найруулгыг анх 2009 оноос ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд МҮЭ, Засгийн газар, ажил олгогч гээд олон талаас нь хэлэлцсэн. Би 2015 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн хуулийг өргөн барьж байлаа. Тухайн үед хэлэлцэхээр шийдсэн ч МАН Засгаас гарсантай холбогдуулаад батлагдаагүй. Ер нь энэ хуульд талуудын сана бүрэн тусаагүй ч ихэнх саналыг тусгаад явсан. Тухайлбал,  МҮЭ-ийн байгууллагаас гаргасан саналыг бүрэн тусгаагүй гэдэг.  Энэ хуулийн төсөлд МҮЭ-ийн байгууллагын гаргасан саналын 80 хувь нь туссан байх жишээтэй.

 

-“Байгууллага бүр дэргэдээ үйлдвэрчний эвлэлтэй байх” саналыг МҮЭ-ийн зүгээс гаргаад төсөлд тусгаж чадаагүй гэж байсан. Ер нь тухайн байгууллагад Үйлдвэрчний эвлэл байх нь хэр нөлөөтэй вэ? Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ерөнхийдөө төрийн байгууллагад л байхаас хувийн хэвшлийнхэн дэргэдээ байгуулаад байдаггүй харагддаг. 

 

-1990 оноос өмнө хүмүүс сайн дурын үндэсэн дээр нэгддэг байгууллага байлаа. Гэхдээ тэр үед сайн дурын үндсэн дээр нэгдэнэ гэхээсээ илүүтэй захиргаадалтын хэлбэртэй байсан. Харин 1990 оноос хойш иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх асуудал  нээлттэй. Гэхдээ үйлдвэрчний эвлэлд нэгдэх нь хойрго тал бий. Улсын хэмжээнд нийтдээ 1.1 сая гаруй ажилтантай. Манайхаас гарсан судалгаагаар МҮЭ 200 гаруй мянган гишүүнчлэлтэй юм билээ. Ер нь цаашдаа Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. 1991 онд батлагдсан хуулиар явж байгаа. Нөгөө талаас үйлдвэрчний эвлэлийн байгууллага чадавхиа бэхжүүлэх, зохион байгуулалтаа өөрчлөх  шаардлагатай. Одоогийн бүтэц нь хуучнаар нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байгаа. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар “Байгууллага үйлдвэрчний эвлэлийн байгууллагагүй бол ажилтныг үйлдвэрчний эвлэл төлөөлнө гэсэн заалт оруулж ирж байгаа. Хуулинд" Байгууллага дэргэдээ Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай байна" гэж хүчээр тусгаж  болохгүй.

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хэлэлцжээ. Энэ жил хичнээн ажиллах хүч авахаар болж байна вэ?

 

-Хуулийн дагуу ажиллах хүч, мэргэжилтэн авахаар Засгийн газрын хуралдаанаар ярилцлаа. Зайлшгүй шаардлагатай төсөл хөтөлбөрт ажиллах 1456 мэргэжилтэн, ажиллах хүчийг холбогдох яамдын саналыг үндэслээс авахаар шийдлээ. Энэ оны эхний улиралд нийтдээ 5700 ажиллах хүчин манайд ажиллаж байгаа гэсэн статистик тоо байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар доогуур байна. Бид энэ жил гадаадаас ажиллах хүчин авах тоог 30 хувиар бууруулна. Ирэх жил 20 хувиар бууруулах юм. Ингээд хоёр жилд нийтдээ гадаадаас авах ажиллах хүчинг 50 хувиар буурна.

 

Багануурын станцад хэрэгжиж байгаа төсөлд гадаадаас 400 ажиллах хүч хэрэгтэй гэсэн. Засгийн газар дээр энэ асуудлыг ярьж байгаад ЭХ-ний сайдыг хэрэгжиж байгаа төсөлтэй холбоотой танилцуулга хийх чиглэл өгсөн. Үүний дараагаар ажиллах хүчин авах эсэхийг шийдэх юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин