Хөвсгөл нууранд дөрвөн хүн осолджээ
2018-04-26

2018 оны 04 дүгээр сарын 25-ны 17:50 цагт Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс 140 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км/ Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан  зургаан зорчигчтой автомашин нуурын усанд осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт  ирсэн байна.

 

Дуудлагын дагуу очиход тус автомашинд зорчиж явсан Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, дөрвөн иргэн нь  осолдсон байдалтай байсан.

 

Мэдээллийн дагуу  ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх салбар, Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, Цагдаагийн газрын 3, орон нутгийн иргэд нийт  34 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөө өглөөний 07:50 минутад осолдсон иргэдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

Алба хаагчид осолдсон иргэдийн цогцсыг нуурын эргээсээ 1300 метрийн  зайд, нуурын  15 метрийн гүнээс гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин