Эрлийз морьдыг сэрвээний өндрөөр ялгах нь зөв үү
2018-04-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Уяаны шон дээр хөх цэгцгий дэрвэн, хөхөл сүүлийг нь жавхайтал боосон морьд хүүхдүүдийн цовоо гийнгоонд толгой хаялан алхалж, айл саахалтаараа хэний морь өнгөтэй байгааг хэлэлцэн хэдэн цэнхэр майхны хооронд давхилдах цаг ойртсоор л...

 

Ингэж бодох тусам сэтгэл хөөрөх болов ч бас ч үгүй эрлийз, монгол гэх маргаан бодогдож урам хугарна. Хуучин цагт “наадам будлилаа” гэсэн мэдээ тэр зуны том дуулиан байлаа. Одоо харин дарга, захирлын морийг мордуулчихлаа, харваас эрлийз байхад хасалгүй уралдуулчихлаа гэх мэт наадам тойрсон хэрүүл  олныг залхаах болсон.

 

Энэ жил манай улсад “түүхэн” уралдаан боллоо. Тэр нь Дүнжингарав наадам юм. Дэлхийн аль ч улс  шөнөөр морь уралдуулж байсан түүх үгүй биз ээ. Энэ наадамтай холбоотой асуудлууд намжаагүй байтал цахим ертөнцөд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, хурдан морь  уралдуулахдаа эрлийз, монголоор нь ялгахгүй уралдуулах гэж байна  гэсэн мэдээлэл цацагдаж уяачдыг хэдэн хэсэгт хуваан талцуулж, зарим нь хэвлэлийн хурал хийж, үзэл бодлоо илэрхийлээд ч амжсан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уяачид хэрэлдэж, хэлэлцэж байх хооронд өнөө хууль нь батлагдаж жинхэнэ Монгол адуугаараа уралдана гэдэг уяачдад, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болох нь тэр. Хүмүүсийн гол маргаад байгаа зүйл нь хурдан морины сэрвээний өндрийг нэмэх асуудал. “Эрлийз адуу үе улирах тусам бие нь давжаарч монгол тал нь давамгай болдог. Хэрэв энэ хуулийг дагавал дээд гурван насанд 50-75 хувь нь эрлийз морьд мордоно. Манайд ийм морьтой уяачдад маш олон бий” хэмээн нэг хэсэг нь эсэргүүцэж байхад нөгөө хэсэг нь “Сэрвээний өндрийг нэмэх нь зөв, сайхан том биетэй Монгол морьд сэрвээний өндрөөр хасагдаад байна. Тэгээд ч  цусыг нь шинжлэхгүй л бол зөв ялгаж чадахгүйгээс хойш ингээд уралдаж байя” гэх уяачид ч байна.

 

Халтайтлаа тоосонд даруулан хэдэн арван километрийн зайд уралдаад ирсэн унаач, морь хоёрыг хараад эрлийз монгол нь ямар хамаа байх вэ. Энэ олон морьд хүслээрээ эрлийз болоогүйгээс хойш уралдаад ирсэн хүлгийг ялгаж, барианд оруулахгүй гээд яахав гэмээр. Гэвч нөгөө талдаа хөдөө хөхөрч, гадаа гандаж, уясан морио харах л гэж ирсэн малчин уяачдын морь дундуураас дээш гарахгүй байгааг хараад өрөвдөх юм. Тэглээ гээд хэнийг ч буруутгалтай билээ.

 

Хэн, хэн нь хөлс хүчээ гаргаж хөдөлмөрлөж байгаа болохоор хэний ч хөдөлмөрийг үнэгүйдүүлэх хэцүү.

 

Харин хүн малын хөлсөөр “малгай” авч өмсдөг эрхмүүд том машинаа морьтой уралдуулж хүчийг үзэхийн оронд зуд даах чадвартай монгол адуугаа, цаашлаад адуу дагасан соёлоо авч үлдэхэд тус болоосой гэж олон мянган малчин уяачид хүсч байгаа нь лавтай.

 

З.Жамбал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
тэнэг уяачид, бөхчүүд дотоод хэрүүлээ нийгэмд халдаах гэж ядчих юм, ийм балай юм бичиж байх хэрэг байгаа юм уу жаагий
2018-05-01
xa xa xa yxsenii chini xuduunii xux uyach!!!!!!!!!!!
2018-04-27