Усны бусад ордуудын байгаа нутаг дэвсгэрт шинээр үйлдвэр, суурьшлын бүс үүсгэхгүй байя
2018-05-04

 

Монгол Улсын Ерөнхий сайдын “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар хийсэн мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дань АН-ын бүлгийн дүгнэлтийнг сонслоо. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа:

 

-Монгол орны хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн усны хэрэглээг тогтвортой хангах, үр ашигтай болгох асуудал нь усны салбарын хамгийн гол зорилго билээ. Усны зөв зохистой үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэхэд усны үнэ, тарифын асуудал чухал бөгөөд усыг зөв зохистой ашиглах нь хамгийн чухал асуудал болоод байна. Өнөөгийн байдлаар усны үнэ бодит байдлаас доогуур тогтоогдож байгаа хэдий ч усны үнийг нэмэх нь эдийн засгийн ач холбогдолтой боловч нийгмийн хувьд эмзэг асуудал бөгөөд орлого багатай иргэдийн усны хэрэглээг багасгах, улмаар эрүүл мэндээр хохирох явдал бий.

 

Үүний зэрэгцээ усыг шавхагдашгүй, мөнхийн, үнэ төлбөргүй, байгалиас бэлэг болгон барьсан зүйл гэх мэт хуучирсан сэтгэлгээгээр бид хандсаар байна. Хэрэглэсний хэрээр төлбөрөө төлдөг зарчимд шилжиж байгаа өнөө үед дээрх сэтгэлгээг өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

Манай орны усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал нь усны салбарын мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагууд төдийгүй нийт иргэдийн анхаарал, болгоомжлолыг байнга татсан, олон жил шийдлээ хүлээсэн ч шийдвэрлэгдэж чадаагүй, ялангуяа хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын усан хангамж, ариутгах татуурга ноцтой байдалд хүрсэн, түүнээс бохирдож буй газар нутгийн хэмжээ улам өсөн нэмэгдэж байгаа нь ноцтой үр дагавар учруулахаар байна. Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс усны салбарт дараах зарчмын саналуудыг хүргүүлж байна.

 

Засгийн газарт:


- 2010 онд Улсын Их Хурлаас баталсан “Ус” үндэсний хөтөлбөр, Засгийн газраас баталсан “Хатан Туул” дэд хөтөлбөр, “Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-ний зэрэг хөтөлбөрүүдийн биелэлт 2015 оноос хойш гараагүйг анхааран, эхний ээлжинд эдгээр хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг холбогдох газруудаар гаргуулан дүгнэлт хийх шаардлагатай байна,

- 2009 онд Улсын Их Хурлаас баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх,усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хамрах хүрээг Засгийн газрын тогтоолоор 2015 оноос жил бүр багасгаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээж байна. Энэ асуудлыг Засгийн газар Улсын Их Хуралд ойрын хугацаанд танилцуулах;

- 2013 оноос хойш унд - ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй цэвэр усны үнэ,  хаягдал бохир ус татан авч цэвэрлэсний өртөгт ямар ч өөрчлөлт ороогүй нь  усны салбарын байдлыг хүндрүүлэх нэг шалтгаан болж байна. Иймд үнэ, өртөгт өөрчлөлт оруулах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх;

-“Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль 2012 онд батлагдсан хэдий ч  огт хэрэгжихгүй байсаар 6 жил өнгөрлөө. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх ямар ч шалтгааныг хүлээн авахгүй журамлан хэрэгжилтэнд оруулах хэрэгтэй байна. Засгийн газар өнгөрсөн онд “бохирдуулагч нь төлнө” гэсэн гол үзэл санааг агуулсан уг хуулийг өөрчлөхөөр шийд гарган одоо Улсын Их Хурлаар хэлэлцэж эхлээд байна. Ингэж хуулийн хэрэгжилтийг удаашруулах нь нийслэлийн төдийгүй улс орны хэмжээнд ус бохирдуулах, усны нөөцийг хомсдуулахад ноогдуулах эдийн засгийн хөшүүрэг бий болох, нөөц бохирдох, хомсдохоос урьдчилан сэргийлэх, усны салбарт хөрөнгө оруулах зэрэг олон талт чухал ажлыг олон жилээр хойшлуулах үйл явц болж байна;
- Усны асуудал эрхэлсэн Яамны газар, хэлтсийн дарга, Сав газрын захиргаадын дарга нарыг улс төрийн томилгоогоор мэргэжлийн бус хүмүүсээр бүрдүүлсэн нь усны салбарын мэргэжлийн боловсон хүчний бодлого алдагдахад хүрээд байна.

 

Нийслэлийн усан хангамжийн талаар:

 

 - Нийслэлийн усан хангамжийн эх үүсвэрийн зориулалтаар  өнөөгийн эх үүсвэрүүдээс авч ашиглаж буй усны нөөцийг эх үүсвэр бүрээр нь зохистой хэмжээнд байлгахаар хэрэглээ ашиглалт, цаашдын төлөвлөлт, газар олголтыг уялдуулан тогтоож, хатуу мөрдөх нь зүйтэй. Иймд  эх үүсвэрүүдийн хамгаалалтын асуудлыг дахин авч үзэж холбогдох журмыг шинэчлэн мөрдүүлэх;

-Одоогоор ашиглаж эхлээгүй ч нийслэлийн усан хангамжинд зориулан  улсын төсвөөр хайгуул судалгаа нь хийгдсэн “Туул-Тэрэлж”, “Хүй долоон худаг” зэрэг нийслэл орчмын газрын доорх усны бусад ордуудын оршиж байгаа нутаг дэвсгэрт шинээр үйлдвэр, суурьшлын бүс үүсгэхгүй байх;

- Өмнө олгогдсон газрын зөвшөөрөлтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй ус ашиглагч, хэрэглэгчдийн өнөөгийн болон хэтийн усны хэрэглээг тооцох ажлыг яаралтай хийх;

-Нийслэлийн хүн амын унд-ахуйн зориулалттай усны нөөцийн эх үүсвэрээс усаа авч ашиглаж буй  зарим үйлдвэрийг ус, усан орчинг хомсдуулах, бохирдуулах нөлөөллийн шинж чанараар нь ангилан, нэр төрлөөр нь ус хэрэглээний хязгаар тогтоох, магадгүй хориглох ажлын судалгааг холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдээр хийлгэх;

-Нийслэлийн хүн амын унд-ахуйн зориулалттай усны нөөцийн хайгуул судалгааны ажил ойрын жилүүдэд хийгдэхгүй байгааг анхаарч, “Усны тухай” хуулинд заасны дагуу хайгуулын ажлын төлөвлөгөө гарган мөрдөх;

-Нийслэлийн хэмжээнд мэргэжлийн байгууллагын дүгнэлт зөвшөөрөлгүй газрын доорх усны эх үүсвэрээс ус авч байгаа инженерийн хийцтэй худгуудын тоо бүртгэл, ашиглалтыг зохицуулсан шийдвэртэй арга хэмжээ авах;

-Ус хэмнэлтийг хөхүүлэн дэмжих, тоолууржуулалтанд бүрэн хамруулах, усны зохистой хэрэглээг сурталчлах асуудлыг нийслэлийн хэмжээнд заавал болгон хэвшүүлэх;

-1966 оны их үерийн дараагаар хийгдсэн үерийн хамгаалалтыг шинэчлэн сэргээх;

 

Эцэст нь дүгнэж хэлэхэд Манай улсын  хэмжээнд газар доорх усны нөөцийн байгалийн болон ашиглалтыг  хянах мониторинг байхгүй  байгаа нь нөөцийн бүрдэлт, нөхөн сэргээлт, хомсдол, бохирдолтын талаар дорвитой дүгнэлт хийж цаашдын чиг, хандлагыг тодорхойлоход бэрхшээлтэй байна.  Мөн байгалийн  усны нөөцийг нөөцийг өвөл, хавар, зун, намрын улиралд болон  ус дутагдалтай  бүс  нутагт  хэрхэн  хуваарилах, томоохон  уул  уурхайн үйлдвэрлэлд  нөөц  хүрэлцэх үү, эс хүрэлцэх талаар усны нөөцөд  тулгуурлан  ашиглах менежментийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж  байна.


Иймд Газар доорх цэнгэг ус нь стратегийн эрдэс баялаг гэдгийг нийтээрээ  хүлээн  зөвшөөрч , түүний ашиглалт, хамгаалалт, судалгаанд томоохон өөрчлөлт хийх цаг  болсон гэдгийг бид чухалчлан анхаарах зүйтэй юм гэсэн юм. Үүний дараагаар цөөнхийн бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдэд асуулт тавьж, хариулт авлаа. 

Shuud.mn
Сонин хачин
УС бие даасан агентлаг байсан татан буугдаад өнөөдөр ямар хэмжээнд хүртлээ буурав!!!! Та бүхэн нэн яаралтай Усны асуудлаа анхаарч нэгд тавих гэж байгаа бол дараах агентлагийг яаралтай байгуулах хэрэгтэй. ОЙ-УС-ЦӨЛЖИЛТ -ийн агентлаг. Ус байж гэмээн амьдрал тэтгэнэ, ОЙ-байж гэмээн тэрхүү усыг ширгэхээс хамгаална ЦӨЛЖИЛТ-дээрх 2асуудлыг цогцоор нь харахыг хэлж байгаа юм баярлалаа.
2018-05-04