Хариуцлагагүй аав, ээжтэй хүүхэд ПС-д донтдог       
2018-05-08

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдөр өнөөдөр /2018.05.08/ тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас хамтран “Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд Нийслэлийн есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, сургууль, хорооны нийгмийн ажилтнууд оролцов.

 

Зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга хэлбэрийг олон нийтэд танилцуулан, хүүхдийн төлөө хүн бүр хариуцлагатай байхыг уриалж байлаа.

 

 

 

Бага насны хүүхдийг 21.30 цагт унтуулж хэвших хэрэгтэй

 

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Нийслэлийн хэмжээнд нийт хүүхдүүдийг үл хайхрах асуудал нэмэгдээд байна. Эцэг эхчүүдийн хүүхдээ үл хайхрах байдал нь хүчирхийллийн суурь болж байна гэж үзэж байгаа. Хүүхэд маань пс тоглоомонд дончихлоо гэж эцэг, эхчүүд яриад байдаг. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхарснаас гарч буй үр дагавар. Хүүхдийг зодож шийтгэдэг, хөдөлмөр эрхлүүлдэг, хаана юу хийж явааг нь мэддэггүй бол тэр хариуцлагагүй аав ээж. Тийм учраас “Хариуцлагатай аав, ээж” аяныг зохион байгуулж байна. Эцэг, эхчүүд  бага насны хүүхдийг 21.30 минутаас өмнө унтуулж хэвшүүлээсэй гэж хүсч байна. Энэ нь хариуцлагатай аав, ээж байх эхний үндэс юм. Өглөө босоод хүүхдээ хичээлдээ явахад нь цайг нь бэлдэж өгч байвал, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд авч байгаа бол энэ эцэг эхийн хариуцлага. Эцэг, эхчүүд хариуцлагатай байж чадвал хүүхдийг үл хайхрах байдал алга болно” гэв.

 

Монголд эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага маш сул байна

 

 

Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор  Б.Оюун-Эрдэнэ “Хүний хөгжлийн үндэс суурь бол хүүхдийн хөгжил хэрхэн явагдах вэ гэдэгт оршдог болохыг шинжлэх ухаан тогтоосон. Хүүхдийн хөгжлийн асуудлыг ярихаар хүүхдийн хөгжлийн анхдагч орчин болох гэр бүлийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Гэр бүлд хамгийн гол үүрэгтэй хүмүүс бол эцэг, эхчүүд. Хүүхэд төлөвших, хөгжих үйл явцад эцэг эх чухал. Хүүхэд харч, сонсож, мэдэрсэн зүйлийнхээ дагуу төлөвшиж хүмүүждэг. Тиймээс эцэг, эхийн үг үйлдэл, үлгэр дуурайлал, амьдралын хэв маяг, соёл, хүүхэдтэй харилцах байдал, түүнтэй ярилцах ойлгох зэрэг үйл явц нь хүүхдийн хөгжилд чухал үр нөлөөтэй. Өнөөдөр би гурван асуудлыг илтгэлээрээ дэвшүүлж байна. Нэгдүгээрт хүүхдийн суралцах, соёлжих, төлөвших үйл явц нь сургууль, цэцэрлэгийн орчноос биш эцэг, эх гэр бүлийн орчин нөхцөл, харилцаанаас илүү хамааралтай юм гэдэг санааг дэвшүүлж байна. Хоёрдугаарт Төр засаг баримталж буй бодлогынхоо хамгийн эхэнд гэр бүлийн асуудлыг тавих хэрэгтэй байна. Яагаад гэвэл гэр бүл хүний хөгжлийн анхдагч орчин. Гуравдугаарт гэр бүл, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа хүүхдийн хөгжих үйл явцад эцэг эхийн үүргийг илүү тодорхой болгохын тулд гэр бүл, эцэг эхэд чиглэсэн тэднийг боловсруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хамгийн сүүлд 2016 онд хийгдсэн судалгаанаас харахад эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага маш сул байгаа нь харагдаж байгаа юм. Тэд хүүхдээ сайн хүн болоосой л гэж хүсдэг, хүмүүжүүлэх гэж оролддог. Гэтэл энэ нь хүүхдийн хөгжилд тийм ч их нөлөөлөхгүй, үр дүн үзүүлэхгүй байна” гэлээ.

 

Гэр бүлдээ цаг зарцуул

 

 

Харин “Гэр бүлийн чанартай цаг” сэдвээр илтгэл тавьсан Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг “2005 оноос эхлээд Монгол Улсад ухаалаг утас нэвтэрснээс болоод чанартай гэр бүлийн цагийн тоо улам багасч байна. Энэ нь хүүхдийн хүмүүжилд таван янзаар нөлөөлөөд байна. Тодруулбал ухаалаг утасны хэрэглээ нэмэгдсэнээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах цаг багасч, улмаар хүүхэд өөрийгөө ойлгох, илэрхийлэх, найз нөхөдтэй болоход сөрөг нөлөө үзүүлж байна. Гэр бүлийн чанартай цагаа хүүхэдтэйгээ хамтдаа тоглох, ном унших, унтах үед нь тайвшируулах зэрэг зүйлийг хийж өнгөрүүлэх хэрэгтэй” гэдгийг хэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч, хөгжсөн энэхүү ойн өдрийг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны тавдугаар сарын 08-ны энэ өдөр Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 93 жилийн ойтойгоо золгож байгаа юм. 

 

Цэцэг өргөх ёслолын үеэр ахмад пионер н.Цасчихэр "Өнөөдөр энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Төрийн байгууллагын удирдах ажилтнууд ирсэн байна. Мөн 1950-1960 онд пионер байсан хүмүүс ч иржээ. Ахмад пионерууддаа баярын мэнд хүргэе. Хүүхдийн байгууллагын 100 жилийн баярт амь сэрүүн хүрэлцэн ирэхийг хүсэн ерөөе. Монгол хүүхдийн орон" гэсэн. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Их зохиолч Д.Нацагдоржийн үүсгэн байгуулсан хүүхдийн байгууллага өдгөө 21 аймаг 9 дүүрэгт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр Үндэсний хэмжээнд хүүхдийн төлөөх үйл ажиллагааг явуулж байна. 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин