Хуулийн цоорхойд дөнгөлүүлсэн ПАРЛАМЕНТ
2018-05-09

 

УИХ-аар  хэлэлцэгдэж байгаа  зарим хууль тогтоолын төсөл хууль зөрчин батлагдаж байгааг шүүмжилдэг. Тэр дундаа Засгийн газраас өргөн барьсан төслүүд  2018 оны Төсвийн тухай хуулийг зөрчлөө гэж сөрөг хүчин шүүмжилж, цаашлаад зарим сайд нарыг огцруулах шаардлагыг УИХ-д хүргүүлээд байгаа.  Хэдийгээр эрх баригч хүчний зарим гишүүд, сөрөг хүчин “төсвийн хууль зөрчлөө” гэж шүүмжилж байгаа ч хэлэлцүүлгийн үеэр Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг дэмжин баталдаг.  Уг нь нэгэнтээ хэлэлцэн баталсан улсын төсвийн аль нэг хэсэгт өөрчлөлт оруулахад давхар тодотгол хийдэг. Хэрвээ улсын төсөвт тодотгол хийхгүй бол хууль зөрчсөн үйлдэл  болно.  Жишээлэхэд, энэ парламент Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэлд “Төсөвт тодотгол хийлгүйгээр хүүхдийн мөнгийг 100 хувь олгосон” гэсэн асуудал багтаж байсан.  Тэгвэл хүүхдийн мөнгийг энэ оны төсөвт зорилтот бүлэгт хамаарах хүүхдүүд болох 60 хувьд нь олгоно гэж баталсан. Харин өнөөдөр Засгийн газар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн бариад байна.  Засгийн газар хүүхдийн мөнгийг  нийт хүүхдийн 80 хувьд олгохоор ОУВС-тай хэлэлцээр хийж оруулж ирсэн. Үүнтэй зэрэгцээд   Монгол Улсын Ерөнхийлөгч  Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Тиймээс эрх баригчид  Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд асуудал хандуулсандаа бус улс төрийн нөхцөл байдлыг харгалзан хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэх шийдэлд хүрээд байгаа. Учир нь “санхүү, эдийн засгийн хямралын улмаас хүүхдүүддээ нийтэд нь мөнгө олгох боломжгүй, ОУВС зөвшөөрөхгүй гээд буцаах”  санаа байвч   сачий эс хүрэх нөхцөл үүссэн.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг энэ оны төсөвт тодотгол хийхгүйгээр Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцүүлж байна хэмээн  гишүүд, тэр дундаа сөрөг хүчин шүүмжилж байгаа. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн орлого буурсан тохиолдолд төсөв тодотгох хуулийн заалттай. Орлого нэмэгдэж байгаа үед төсөв тодотгох шаардлагагүй. Энэ оны эхний 3 сарын байдлаар төсвийн орлого даван биелж байгаа. Тиймээс өнөөдөр төсөв тодотгох ямар ч нөхцөл үүсэхгүй. Төсөвт тодотго, хүүхдийн мөнгийг 100 хувьд олго гэж шаардлага тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэсэн тайлбарыг хийж буй.  Сангийн сайдын уг тайлбараар товчхондоо “Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох Засгийн газрын төсөл хууль зөрчөөгүй, Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох Ерөнхийлөгчийн төсөл хууль зөрчсөн болж байна. Ийнхүү  хууль зөрчсөн эсэх асуудал олон нийтийн дунд эргэлзээ дагуулж,  хууль санаачлагчид хуулийг өөр өөрсдийн өнцгөөр тайлбарласаар байгаа.

 

Өчигдөр гэхэд Хуульзүйн байнгын хороо АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ хууль, эрхзүйн үндэслэлгүй гэж үзлээ.  Хуулиараа АТГ-ын даргад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ-д санал болгох заалттай.  Гэхдээ энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга удирдлагуудыг нэр дэвшүүлэхэдээ санал асуулга явуулсан. Нэр дэвшүүлэх бүрэн эрх нь өөрт нь оногдож байгаа ч олон нийтийн саналыг харгалзаж,  хамгийн өндөр санал авсан хоёр эрхмийн нэрийг УИХ-д өргөн барихаа мэдэгдсэн.  Энэ дагуу олон нийтээс хамгийн их санал авсан Д.Даваа-Очир-ыг АТГ-ын даргад, Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргад нэр дэвшүүлэх саналыг УИХ-д өргөн бариад байгаа. Харин байнгын хороо “Өмнөх удирдлагуудын хуулийн хугацаа дуусгавар болоогүй, хуулиараа дээрх албан тушаалтнууд  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээр тогтоогдвол албан тушаалаас огцруулдаг. Одоогийн  Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар өөрсдөө хүсэлт гаргаагүй байна” гэх үндэслэлээр хэлэлцээгүй. Үүнд мөн л ЕТГ-аас тайлбар хийж, УИХ-ын дэгийн тухай хуулиар саналыг дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэвч тус байнгын хороо “хэлэлцэхгүй” хэмээн шийдсэн нь уг хуулийн заалтыг зөрчлөө хэмээн хариу илгээсэн.

 

Цаашлаад УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүү үүсгэн шалгаж, яллагдагчаар татах прокурорын санал, бүрэн эрхээсээ түдгэлзэх гишүүний хүсэлтийг хэлэлцэх хууль эрхзүйн үндэслэл байгаагүй, энэ парламентад. Тиймээс дахин  УИХ-ын тухай хуулинд өөрчлөлт оруулж,  “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” өмнө нь үйлчилж байсан хуулийн заалтыг буцааж оруулахаар хэлэлцсэн.

 

Ийнхүү  парламентаас хуулийн цоорхой дундаар шүүмжлэл дагуулсан шинэ шинэ хуулиуд батлагдан, хууль санаачлагчид ч өөр өөрсдийн талд  өргөн барьсан төслөө тайлбарласаар байна.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин